АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден засгийн газарт төлөх ёстой 1.4 сая ам.долларыг төлөөгүй гэх үндэслэлээр, татвартай холбоотой есөн гэмт хэрэгт буруутгагдаж байгаа ажээ.

Лос Анжелесийн шүүхэд өнгөрсөн Пүрэв гарагт ирүүлсэн баримтын дагуу Байденыг татвараас зайлсхийсэн, олон сая ам.долларыг “үрэн таран хийсэн” гэж буруутгаж байгаа аж.

Яллах дүгнэлтэд “Шүүгдэгч 2016-2019 он хүртэлх татварын жилийн хугацаанд төлөх ёстой 1.4 сая ам.долларын холбооны татварыг дөрвөн жилийн хугацаанд төлөөгүй” гэж дурджээ. Хантер Байден гэм буруутай нь тогтоогдвол дээд тал нь 17 жилийн хорих ял авах юм байна.

Ерөнхий прокурор Меррик Гарландын томилсон тусгай зөвлөх Дэвид Вайсс ерөнхийлөгчийн хүүгийн холбогдох хэргийн мөрдөн байцаалтад хяналт тавьжээ. Энэ нь Хантер Байденд үүсгэсэн хоёр дахь эрүүгийн хэрэг аж.

Вейсийг АНУ-ын Делавэр мужийн хуульчаар томилохоор Ерөнхийлөгч асан Трамп нэр дэвшүүлсэн боловч Жо Байден сонгогдсоны дараа тэрбээр үүрэгт албандаа хэвээр үлджээ.

Бүгд найрамдах намынхны Байдены хүү Украин, Хятад, Румын зэрэг гадаадын улс орнуудад бизнесийн хэлцэл хийж, зөвлөхийн ажил хийх замаар олон сая ам.долларын ашиг олохын тулд эцгийнхээ албан тушаалыг зүй бусаар ашигласан гэсэн мэдээллүүд нь Ерөнхийлөгч Байденыг 2024 оны сонгуульд улиран сонгогдох эрхэд нөлөөлж болзошгүй аж.

Америкийн удирдагчийн хүүгийн эрх ашгийг хамгаалдаг хуульч Эбби Лоуэлл “Жо Байдены хүү ноён Байден өмнө нь татвараа бүрэн төлж байсан тул түүнийг татварын хэрэгт буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм” гэж мэдэгдсэнийг “The Washington Examiner” сонин иш татжээ.

Эх сурвалж: ALJAZEERA, TASS

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу