Олон жил хэл амны бай болсон Оюу Толгой төслийн гүний уурхайн олборлолт өнөөдөр эхэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын гишүүд Рио Тинто компанийн төлөөлөл нээлтийн арга хэмжээнд оролцож байгаа юм. 

Өдгөөгөөс 14 жилийн өмнө Оюу Толгой төслийг хөдөлгөх гэрээнд Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нар гарын үсэг зурснаас төсөл гараанаас гарсан бөгөөд түүнээс хойш олон жил гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс улс төрд улайрагчдын хэл амны бай болж ирсэн билээ. Нээлтийн арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу Толгой төсөлд эхнээс нь оролцсон, оноо алдаатай ч урагшлуулан хөгжүүлэхийн төлөө гал атгасан төр нийгмийн зүтгэлтнүүд Та бүхэндээ Засгийн газраа төлөөлж гүн талархал илэрхийлье” гэсэн юм. Оюу Толгой төсөл хөдөлсөн цагаас хойш улстөрчид шүлс үсэргэж байснаас баяр хүргэж байсан удаагүй. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх удаа баяр хүргэлээ. 

Оюу Толгой төслийн анхны гэрээнд гарын үсэг зурсан Сангийн  сайд асан С.Баярцогт өнөөдөр Төрийн ордонд болж байгаа Хөгжлийн банкны зээлийн нотлох баримтыг шинжлэн судлах ажлын хэсгийн хуралд оролцох үеэрээ Оюу толгой төсөлтэй холбогдуулан Монголын ард түмэндээ баяр хүргэсэн юм. Тэрбээр “Өнөөдөр Монголчуудын хувьд түүхэн тэмдэглэлтэй өдөр тохиож буй учраас сэдвийн гадуур ганц зүйл хэлэхийг хүсч байна. 14 жилийн өмнө Оюу Толгойн гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан. Энэ гэрээ Монголчуудын хувьд гурван УИХ, таван Засгийн газар дамжин хийгдсэн хөрөнгө оруулалтын гэрээ болсон. Оюу Толгойн үйлдвэрлэл ил болон гүний уурхайгаас бүрддэг. 20 хувь нь ил уурхай, 80 хувь нь далд уурхайгаас бүрддэг.

14 жилийн өмнө болсон үйл явдалтай холбогдуулаад гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил жигдрээд бүтээгдэхүүнээ гаргаж байгаа анхны өдөр юм. Оюу Толгойн гэрээг байгуулсан УИХ, Засгийн газрын зүгээс Монголын нийт ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу