Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнгөрсөн арваннэгдүгээр сард “АИ-92 шатахууны нийлүүлэлт бага багаар сайжирч байна. Долоо хоногийн өмнө дөрвөн Шатахуун түгээх станц (ШТС)-ын хоёр нь шатахуун олгохгүй байсан бол өнөөдөр дөрвөн ШТС-аас нэг нь л хоосон буцааж байна” гэж хэлж байв. Гэвч өнөөдөр тэр үеэс байдал улам дордоод буй юм. 

Хөдөө орон нутаг дизель түлшний хомсдолд орсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ удаад Улаанбаатар хотод шатахууны олдоц хэр байгаа талаар сурвалжиллаа.

2023.12.10, 13:30 цаг. Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн тойргоос 3, 4 дүгээр хороолол руу өгсөх замд долоон ШТС байна. Тодруулбал, “M-OIL”-ийн хоёр, “Super 92”-ын хоёр, “Сод Монгол”-ын нэг, “Шунхлай”-н нэг, “Петровис”-ийн нэг ШТС тус тус байв. Эдгээрээс “Super 92”-ын хоёр, “Сод Монгол”-ын нэг, нийт гурван ШТС л АИ-92 өгч байлаа. “M-OIL”, “Петровис”-ийн ШТС-ууд гадуураа тууз татан хаажээ. Харин “Шунхлай” зөвхөн АИ-95 шатахуун өгч байсан юм. Гэсэн ч “Шунхлай”-аас шатахуун авахаар жолооч нар хоёр эгнээ болон зогсжээ. Тэдний зарим нь 92 өгөхгүй байгааг мэдэхгүй зогсож байснаа биднийг очиход хэлсэн юм. 

Жолооч Ц.Нарантунгалаг “Зурагтын хуучин эцэст байдаг “Super 92” ШТС-аас бензин авах гээд оочерлож байтал өгөхөө больчихлоо. Тэгэхээр нь наашаа ирсэн. Байгаа түлшийг нь авах гээд зогсож байна. Хоёр цаг гаруй хугацаанд оочерлосон юм чинь АИ95 байсан ч хамаагүй авахаас. Өчигдөр хотоор явж, хайж үзээд оочер ихтэй байхаар нь аваагүй юм. 

Хэд хоногийн өмнө манай улс 350 вагон түлш татаж авч байгаа талаар мэдээ гарч байсан. Тэр нь хаана байгаа юм бол, юм бүү мэд. 

Хотын дарга Х.Нямбаатар түгжрэл бууруулах арга хэмжээ авна гээд байсан. Тэрнийх нь нэг нь түлш хязгаарлах юм болов уу ч гэж бодох шиг. Үгүй гэх газаргүй болчихлоо шүү дээ. Энэ улсад амьдрах гэж ард түмэн “махаа идэж” байна” хэмээлээ. 

Жолооч Л.Мөнх-Эрдэнэ “Би энд хоёр цаг оочерлож байна. Өчигдөр орой, шөнө авах гээд авч чадаагүй. Одоо авах гээд л зогсож байна. Ажил амьдралаа алдаад 2, 3 цаг оочерлоод зогсох хэцүү байна. Засгийн газар энэ асуудалд анхаарахгүй бол улам л хэцүүдэх нь. Хөхөө өвөл шатахуун, түлш тасалдвал хэцүү” хэмээн хэлсэн юм. 

“Сод Монгол групп”-ын ШТС-аас бензин авахаар зогсож буй жолооч Ц.Ундармаа “Би энд нэг цаг орчим оочерлож байна. Өчигдөр бензин авах гэтэл маш их оочертой байсан Тэгэхээр нь аваагүй юм. Гэтэл өнөөдөр ялгаагүй, оочертой байна. Хөдөө явах гэж байгаа учраас ингэж зогсохоос өөр аргагүйд хүрлээ. Бид ч яах вэ, хотод дулаахан газар байгаа болохоор гайгүй байна. Хөдөө, орон нутагт дизель түлш олдохгүй, АИ92 байнгын тасалдалтай, хэцүү байгаа. Уул уурхайн салбарт ч хүндрэл үүсэж эхэлж байгаа байх. “Тэс петролиум”, “М-Ойл”, “Петровис”-ийн ШТС-ууд бүгд тууз татчихсан, түлш өгөхгүй байна лээ. Шунхлай АИ95 л өгч байна. Авахаас өөр аргагүй болоод оочерлож байна.

Засгийн газраас шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа гэж  мэдэгдэж байсан. Гэтэл бодит байдал дээр олдохгүй байна. Төрийн өндөрлөгүүдэд хандаж, худлаа ярихаа болиоч гэж хэлье” гэв.

Сануулахад, АМШТГ-аас хамгийн сүүлд буюу өнгөрч арванхоёрдугаар 5-ндшатахууны нөөцийн талаар дараах мэдээг өгч байв. Тодруулбал, улсын хэмжээнд 2023 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт 67,280 тн шатахуун байсан. Үүний,

  • А-80 автобензин 2,111 тн – 13 хоног
  • АИ-92 автобензин23,312 тн – 19 хоног
  • АИ-95 автобензин 5,070 тн – 25 хоног
  • Дизель түлш 33,281 тн – 14 хоногийн нөөцтэй байна хэмээж байв.

Харин Улаанбаатар хотод, 

  • А-80 автобензин 498 тн – 13 хоног
  • АИ-92 автобензин 12,796 тн – 14 хоног
  • АИ-95 автобензин 4,104 тн – 26 хоног
  • Дизель түлш 18,645 тн – 16 хоногийн нөөцтэй байна гэж мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр хот даяараа шатахууны хомсдолд орчихоод байна.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

                     

Б.ХОНГОРЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу