Өнөөдөр монголчуудын үр хүүхдээсээ ч илүү хайртай болсон гэхэд хилсдэхгүй зүйл бол ухаалаг утас. Гэхдээ “Үр хүүхдээ нэг муу утсаар солино гэж юу байдаг юм бэ, битгий дэмийр” гэх биз. Угтаа бид ажил төрөл, амьдрал, хүрээлэн буй орчноосоо зуун хувь амьд байх мэдрэмжийг хэдийнэ авч чадахаа байжээ.

Өглөө сэрүүлгийн дуугаар арай ядан босож, ажил хүрэх замдаа автобусанд утсаа ямар нэгэн шалтгаантай, эсвэл шалтгаангүйгээр ухсаар л явдаг. Хэвшмэл үйлдэл нь сэтгэцийн эмгэг үүсгэх ч аюултай. Хүүхэдтэйгээ ном уншдаг хүн цөөхөн болж. Тэр бүү хэл автомашин барьж буй иргэдийн 75 хувь жолооны ард гар утас тогтмол хэрэглэж байна гэсэн судалгаа гарчээ. Гэвч мэдээ мэдээлэл гэхээсээ илүү зар сурталчилгааг л илүүтэй сонирхдог гэхэд хилсдэхгүй биз.

Нийгмийн бухимдал, стресс өнөөдөр хэн нэгний хаалгыг зад өшиглөж ороод, заамдаж аваад “Ухаараач, хэн буруу юм хийв, шүүмжлээч. Тэр юу юм бэ, чи яах ёстой юм бэ” гэж хашгичих нь холгүй овоорсон байна. Яагаад вэ, гэвэл бидэнд дэндүү их “мэдээлэл” байна. Үнэн болоод худлыг ялгах салгах арга бий ч сүүлдээ хэн дуртай нь сэтгүүлчийн ажлыг тэдний өмнөөс хийхийг оролдож, утсаа урдаа бариад, орилж чарладаг болов.

Хамгийн гол нь иргэд үнэн бодит эх сурвалжаасаа улам холдсоор байна. Тэд инээд ханиад, тоглоом шоглоом, уйлаан майлаан л үзэх сонирхолтой болчихсон. Бид энэ дундаас цөөхөн хэдэн гэрэлтэй мэдээлэл, ярилцлагыг л олж уншиж чаддаг. 

Залуургүй болсон завь шиг салхи хаашаа эргэнэ түүн рүү сажилж яваа бидний нийгэмд уг нь тогтмол, үнэн бодит мэдээллийн эх сурвалж байсан. Одоо ч байгаа. Харин олонх буюу нийгэм ухаалаг утсандаа хэтэрхий хайртай байгаа нь л залуурыг нь салгачихаад байгаа юм. Хэрэг гарлаа гэхэд анх сэвж, үлээж хөөргөж чадсан нь хандалт авдаг. Түүндээ их дуртай. Харин албаны мэдээлэл, хуулийн хүрээнд өгсөн мэдэгдэл зэргийг үзэх нь дэндүү хомс болж.

Ганцхан жишээ дурдахад, “Ийгл” телевизийн цахим хуудаст 2023-12-09, 12:13 цагт нийтлэгдсэн “2040 он гэхэд дөрвөн хүүхэд тутмын нэг нь ундны усны хомсдолтой бүс нутагт амьдарна” гэх нийтлэлийг нэг өдрийн дараа буюу 10-ны байдлаар дөрөвхөн хүн хуваалцаж, ганцхан хүн сэтгэгдэл үлдээсэн байна. Ингээд харахаар онлайн дэлгүүрийн эзэн хүүхний яриаг арав, хорин мянгуулаа үздэг монголчуудаа ойлгоход бэрх болж байна.

Түүнээс өмнө ямар байв, бодъё. Ард түмэн мэдээ, мэдээлэл авах цөөхөн бөгөөд үнэн сувагтай байлаа. Өдөр тутмын хэвлэл, өргөн нэвтрүүлгийн сүлжээ, цахим мэдээллийн портал сайт гэх мэт. Тэд нийгмийн суваг шуудуугаар урсаж буй бүхнийг бичиж байсан нь үнэн. Шар мэдээ хийх нь утгаар нь хийдэг байв. Гэхдээ шар мэдээ хийлээ гээд хэн ч хамаагүй хэн нэгнийг гүтгэж, хуйвалдаж аваачаад хэрэг тохчих нь цөөхөн байлаа. Нэг үүссэн асуудлыг намжаахын тулд өөр нэг хэрэг тарьдаггүй байлаа.

Төрийн ордонд “Нүүрсний сонсгол” явагдаж, Өмнөговь аймгийг тэр чигт нь шахуу зарчихсан тухай мэдээлэл эхний өдрөө “Н.Өнөрцэцэг сэтгүүлчийг хорих анги руу авч явлаа” гэдэг мэдээллээс 95 хувь хандалт багатай байсан. Түүнээс ч өмнө нийслэл, орон нутагт шатахуун тасалдаж, өвөлжилт хүндхэн байгаа тухай мэдээ, мэдээлэл цацагдсан ч өнөөх видео, лайвуудыг даваагүй юм. Бид байгаа мэдээллээ ч авахыг хүсэхгүй байгаа хэрэг үү?

Засгийн газрын ээлжит хуралдаан тус бүрийг хэвлэл мэдээллийн сайтууд шууд дамжуулж, түүвэрлэж, тоймлон мэдээлж байхад хэн нэг дуучны лайв, худалдааны хямдрал, согтуу хүмүүсийн элийрсэн мэдээллээс хандалт нь давахгүй байна гэдэг эмгэнэл. Улс төр ямар түвшинд, юу хийж хэрэгжүүлж байгааг цөөхөн хэд нь сонсдог. Үлдсэн хэд нь мэдээж өөр нэгний эхэлж үлээсэнд нь итгэдэг. Тоотой хэдэн мэдээллийн суваг нэгдсэн мэдээлэл өгч байгаа ч үзэж буй нь мөн цөөхөн.

Хэн ч мэдэхгүй хоёр иргэний салж сарнисан хэрүүлийн тухай яриаг л нийгмээрээ үздэг. Өөр зүйлд чадамжгүй, мэдлэггүй болохоор дуугарсан ч буруу дуугарч, ундууцдаг буруу жишиг бидний дунд бараг ужгирлаа. Утаснаасаа хэдхэн цаг хол байгаад, хажуудах хүнтэйгээ яривал худал хэлсэн хүнд та гайхна шүү. “Ийм хүн байж ээ, би ийм шүү дээ” гэж бодох вий.

Монгол Улсын хүн ам цөөн ч 2022 оны байдлаар гар утас хэрэглэгчийн тоо 4.3 саяд хүрсэн байдаг. Үүний 3.4 сая ухаалаг гар утас хэрэглэгч байгаагаас 64 хувь нь 4G өндөр хурдны интернэт хэрэглэдэг байна. Ухаалагч гар утас хэрэглэгчдийн дийлэнх хувь буюу 2.5 сая хэрэглэгч нийгмийн сүлжээнд идэвхтэй оролцдог. Энэ бүхнийг мөн мунхруулж, өөр масс бий болгох худал мэдээлэл тараадаг хэдэн зуун хуурамч бүртгэл ч байдаг.

Бид маш олон асуудал дунд амьдарч байгаа нь ойлгомжтой. Харин өдөр, шөнөгүй бүх зүйлийг тархи руугаа чихээд байдгаа багасгах хэрэгтэй юм болов уу? Өөрийгөө, үр хүүхэд, гэр бүлээ, хөрш айлаа, ажлын газрынхнаа, нийслэлээ, ер нь бүх зүйлийг амьдаар харж, мэдэж, уншиж судалж, оролцож эхэлбэл үр дүн ямар байх бол.

Ор тас утасгүй гэсэн үг биш. Амьд харилцаа бий болгож, ажил төрөлдөө утасныхаа жинхэнэ зориулалт, “ид шид”-ийг ашиглаж сурвал наанадаж өөрийн эрүүл мэнд, цаанадаж нийгмийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадах боломжтой билээ. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу