Монгол Улсын их сургуулийн Инженер, технологийн сургуулийн захирал, доктор профессор Ч.Сономдагватай хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа. 

-Улаанбаатар хот хөрсний бохирдлын улмаас саарал хот болоод удаж байна. Хөрсний бохирдлын сөрөг нөлөөллийн талаар эхлээд ярихгүй юу? 

-Хөрсний бохирдол хүний, ялангуяа бага насны хүүхдийн хүртэх эрхтэн буюу гараар дамжиж, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг. Үүнд голдуу нянгийн бохирдлын асуудал яригддаг. Дараагийнх нь агаараас, эсвэл хог хаягдал гэх мэт төрөл бүрийн бодисууд хөрсөнд бууж, салхиар, хүн, машины хөдөлгөөнөөр агаарт дэгддэг. Энэ нь амьсгалын зам, хүртэх эрхтэн, арьсаар дамжиж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Ер нь хөрсний бохирдол нь эрүүл мэндээс гадна гоо зүй, өнгө үзэмж, соёлын талаасаа маш чухал асуудал. Хөрсний эвдрэл, бохирдлоос болж өвөл, хавар, зун, намаргүй л сааралтсан хот болчихоод байна шүү дээ.

-Монголд хөрсний бохирдолтой холбоотойгоор хийсэн судалгаа бий юү?

-Бид хөрсийг агаартай холбож судалж буй. Яагаад гэвэл хөрс нэг тусдаа, агаар бас нэг тусдаа асуудал биш. Өвлийн улиралд агаарын бохирдол маш их байна. Энэ тоос хаачиж байна вэ гэхээр зарим нэг хэсэг нь салхиар, агаарын шилжилт хөдөлгөөнөөр замхраад, алга болдог. Нөгөө хэсэг нь тодорхой хугацаанд агаарт дэгдсэний дараа хүндийн жингээрээ хөрсөнд буудаг. Ийнхүү гадаа байсан зүйл тоос болдог. Өвлийн цагт машинаа угаалгаснаас 1-2 хоногийн дараа л гэхэд буцаад тоос болчихдог. Энэ нь агаарт байгаа тоос тунах хэлбэрээр бууж байгаа үзэгдэл юм.

Агаар бохирдуулж байгаа бүх төрлийн элемент хөрсийг адилхан л бохирдуулна гэсэн үг. Бохирдчихсон хөрснөөсөө буцаад агаарт дэгддэг. Өвлийн улиралд цас дарж, дэгдэхгүй хадгалагдлаа гэхэд хавар болж цас хайлж, газар гэсэхэд буцаад салхи, усаар дамжаад, агаарт дэгдэж, гүний, хөрсний усанд нөлөөлдөг. Жишээлбэл, Туул, Сэлбэ голын усанд маш их нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, зам дээр байгаа бохирдлууд бүгд ус зайлуулах сувгаар дамжиж гол, усыг бохирдуулж байна гэсэн үг. Агаар, ус, хөрс гурав шууд уялдаа хамааралтай байдаг. Тус тусад нь салгаж үзээд, асуудлыг шийдэх бус, цогцоор нь хийх шаардлагатай юм.

Хөрсөнд хийж буй судалгаануудаас харвал зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд гэлтгүй хот, суурин газрын хэмжээнд бохирдол өндөр гарсан. Үүнд шалтгаалсан хүчин зүйл нь нүүрс, хог хаягдал, ногоон байгууламжийн хэмжээ бага, шороон зам ихтэй, гэр хорооллын гудамж, талбай эвдэрч хагарсан гэх мэт байгаа юм.

-Нийслэл гэлтгүй хөдөө орон нутагт ч хөрсний бохирдлын асуудал анхаарал хандуулах хэмжээнд хүрчээ. Хөрсний бохирдол бидний эрүүл мэндэд яаж нөлөөлж байна вэ?

-Бидний хийсэн судалгаагаар хөрсөнд хар тугалга, хүнцэл, цайр, никелийн хэмжээ өндөр гарсан. Энэ нь угаадсаа ил задгай асгах, өвлийн цагт өгсүүр замд машин гулгахад зам дээр үнсээ асгах, аюултай хог хаягдлыг энгийн хогтой хаяснаас үүдэж хүнд хортой төрлийн элементүүд хөрсөнд шингэж үлддэг. Эдгээр хортой элемент нь хүний өсөлт хөгжил цаашлаад хавдар үүсэх эрсдэл талаас нь судалж үзсэн. Ингэхэд Улаанбаатар хотын хэмжээнд хөрсний бохирдлоос үүдэж хорт хавдар үүсэх эрсдэл байгааг тогтоосон. Энэхүү судалгааг Монгол Улсын Дархан, Эрдэнэт зэрэг хотуудыг харьцуулсан хөрсний эрсдэлийн үнэлгээний олон улсын өгүүлэхээс харж болох юм.

-Хөрс бохирдсоны улмаас элдэв өвчин тархах аюул өндөр. Монгол Улсад зонхилж буй өвчлөл юу байна вэ? 

-Гэдэсний эмгэг төрүүлэгч гэх гурван төрлийн нянг манай улсын хэмжээнд судалж байна. Саяхан “Усны газар Зайсангийн таван хотхоны ундны уснаас гэдэсний савханцар илэрлээ” гэж мэдээлсэн. Энэ бол маш ноцтой асуудал. Гэхдээ хөрс, усны асуудал Монголд харьцангуй бага байдаг нь өвлийн улиралд маш их хүйтэрдэгтэй холбоотой.

Хөрсний нян 20-30 хэмийн хүйтэнд хөлдөж, идэвхгүй байдалд орж байгаа учраас удаан үргэлжилдэггүй. Ийм давуу тал цаг уурын хувьд бидэнд байна. Хэрвээ ийм биш байсан бол хөрсийг бохирдуулж буй ил задгай байдал улам илүү ноцтой байх байсан. Мэдээж дулааны улиралд хөрсний нянгийн асуудал байдаг.

-Сүүлийн жилүүдэд хөрсний бохирдлын талаар багагүй ярьж, чамгүй ажлууд хийгдэж байна. Богино хугацаанд шийдэгдэх асуудал биш болов уу. Иргэд өөрсдийгөө хэрхэн хамгаалвал зохих вэ?

-Агаарын бохирдол зун болоод л сарниад алга болчихдог. Харин хөрсний бохирдол хуримтлагдсаар л байдаг. Үүгээрээ илүү сөрөг талтай. Хөрсний бохирдлоос эрүүл мэндээ хамгаалахын тулд хөрсийг бохирдуулж буй зүйлээ эхнээс нь гаргахгүй байх арга замыг бодох хэрэгтэй. Жишээлбэл, бид ашигласан баттерейгаа энгийн хог хаягдалтай хаядаг. Ядаж аюултай хог хаягдлаа ангилж сурч байж, хөрсний бохирдлоос эрүүл мэндээ хамгаална гэж ярих хэрэгтэй.

-Гэр хорооллын нүхэн жорлон хөрсний бохирдлын гол эх үүсвэр. Бид XXI зуунд нүхэн жорлонгоосоо салаагүй л байна. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Монголчууд 100 жилийн өмнө нүхэн жорлон хэрэглэдэг байсан, одоо ч хэрэглэсэн хэвээр байна. Гэтэл 100 жилийн өмнө улс орнууд модон жорлонгоосоо салсан байдаг. Дэлхийн хөгжлийн түвшин манайхаас хэд дахин илүү байна. Жилд хэчнээн нүхэн жорлонг цөөлж чадаж байна вэ гэвэл багасгаж чадахгүй байна. Сайжруулсан нүхэн жорлон гарч байгаа боловч гэр хороололд айлууд нэмэгдсээр байна шүү дээ.

Өвлийн улиралд жорлонд угаадас асгахаар дээшээ хөлдөж, дүүргэдэг. Иргэд гудамжинд ил задгай угаадсаа асгадаг. Гэтэл тэр угаадсанд төрөл бүрийн угаалгын нунтаг, химийн бодисууд байдаг. Энэ нь хөрсний өнгөн хэсгийг шууд бохирдуулах эх үүсвэр болж байгаа юм.

Бид энэ байдлаасаа ямар шийдлээр гарах вэ гэдгийг харахгүй бол хэтэрхий хуучны технологитой, түүндээ дасан зохицчихоод, үүнээс өөр гарцгүй мэт байгаад байгаа нь асуудлыг улам лавшруулж байна. 

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу