DOBU.MN сайт 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй горилогчдыг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог буюу Баянхонгор аймагт нэр дэвшихээр горилогчдыг танилцуулж байна.

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш буюу 1992 оны парламентын анхны сонгуулиас эхлээд Баянхонгор аймгийн сонгогчдын санал маш савлагаатай явж ирсэн байдаг. Баянхонгороос парламентад дөрвөн удаа сонгогдсон цор ганц улстөрч нь УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, нэг удаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга нар юм.

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны дараах буюу 1992 оны сонгуульд Баянхонгор аймгийн гуравдугаар тойрогт 39702 сонгогч саналаа өгч, МАХН буюу одоогийн МАН-аас нэр дэвшсэн Г.Цэрэндагва, Б.Гомбо, Д.Дашцэдэн нарыг УИХ-ын гишүүн болгон, төр түшүүлэхээр илгээж байв. “Хонхны дуу”-тай ардчиллын салхинд Баянхонгорчууд ганхалгүй МАН-д илтгэл үзүүлж байсан юм.

Хонгор нутгийн сонгогчид дөрвөн жилийн дотор сонголтоо эрс өөрчилж, 1996 онд Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшсэн Ё.Гэрэлчулуун, Д.Батнасан, Ц.Элбэгдорж нарыг сонгож, улаан тойрогт цэг тавьсан. Энэ удаагийн сонгуульд 41311 сонгогч саналаа өгсөн байдаг.

2000 онд Ардчилсан намынхны хувьд эргэн дурсахад нурууны хүйтэн хөлс цутгам “хар” сонгууль болсон. Ардчилсан намд ард түмэн итгэл үзүүлсэн ч дотоодын эрх мэдлийн төлөөх дайны хөлд өөрсдөө үрэгдэж, Засгийн газраа долоон удаа огцруулж, Ерөнхий сайдаа томилж чадахгүй “арчаагаа” алдсан, ард түмний амьдрал туйлдсан дөрвөн жилийн дараа Баянхонгор гэлтгүй монголчууд МАХН-д одоогийн МАН-д итгэл үзүүлсэн. Гуравдугаар тойрогт 44919 сонгогч санал өгч, МАХН-аас нэр дэвшсэн Д.Түмэндэмбэрэл, С.Дулам, Ц.Шийрэвдамба нар УИХ-ын гишүүн болов.

2004 оны сонгуульд Баянхонгорчуудын сонголт МАХН-аас нэр дэвшсэн Г.Занданшатар, “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшсэн Ц.Жаргал, Х.Баттулга нар байв. Энэ сонгуульд 45007 сонгогч саналаа өгсөн байдаг.

2008 онд Баянхонгорынхон МАХН-ын Г.Занданшатар, АН-ын Х.Баттулга нарыг хоёр дахь удаа парламентад илгээж, Ардчилсан намаас Батж.Батбаяр анх удаа УИХ-ын гишүүн болсон юм. Энэ удаагийн сонгуульд 48500 сонгогч санал өгсөн.

2012 оны Улсын Их Хурлын сонгууль хосолсон тогтолцоогоор анх удаа болж, парламентын 76 гишүүний 48 нь мандатын журмаар 26 тойргоос, үлдсэн 28 нь сонгуулийн дүнгээр улс төрийн намуудын авсан саналын дүнгээр гишүүн болов.

Баянхонгор аймагт 12 нэр дэвшигч өрсөлдөн, 51747 сонгогчоос олонхийн санал авсан Ардчилсан намын нэр дэвшигч Х.Баттулга гурав, Д.Ганбат анх удаа сонгогдож, өмнө нь хоёр удаа ялалт байгуулж байсан Г.Занданшатар ялагдал хүлээж, АНУ-д сурахаар одсон юм.

Баянхонгор аймагт 2016 оны сонгууль гурван тойрог болж, 7 дугаар тойрогт Г.Занданшатар ялалт байгуулж, Ардчилсан намын нэр дэвшигч Д.Ганбат, МАХН-аас нэр дэвшигч А.Одончимэг, бие даагч Ж.Төмөрхуяг нар ганзага хоосон буцсан.

Наймдугаар тойрогт “Ачлал трейд” ХХК-ийн захирал М.Билэгт, олимпын хошой аварга Х.Баттулгын баруун гар болон нэр дэвшсэн Найдангийн Түвшинбаяр, Монголын Ардчилсан хөдөлгөөний намаас нэр дэвшигч М.Ганзориг, МАХН-ын Б.Ууганбаяр нарыг ялж, Баянхонгор аймгийн сонгогчид анх удаа эмэгтэй гишүүнтэй болсон.

Есдүгээр тойрогт “Эм Си Эс”-ийн гэгдэх Л.Элдэв-Очир гурван удаа сонгогдож, Зам тээврийн хөгжлийн сайдаар ажилласан Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч А.Батдорж, бие даагч Б.Бат-Эрдэнэ нарыг ялснаар УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдов.

Сонирхолтой нь, тойрогтоо бүдэрч, улс төрийн хамгаалалтгүй болсон Х.Баттулга МАН-ын дотор гишүүдийг нь урвуулах ажиллагааг эхлүүлэн, 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нь УИХ-ын гишүүнээр сонгогдохоос хавь илүү эрх мэдэлд очсон юм.

Түүнийг ялалт байгуулахад МАХН-аас нэр дэвшсэн “босоо” С.Ганбаатар маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс хойш тэд салж чадахгүй нөхөрлөх болсон юм. Одоо МоАХ болон “Хөх Монголын Хөх туг” хөдөлгөөнийг хамтдаа эхлүүлэн явж байна.

2020 оны сонгуульд Баянхонгор аймагт 20 нэр дэвшигч өрсөлдөж, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар ялалт байгуулж, дөрөв дэх удаагаа, Ардчилсан намаас Д.Ганбат хоёр дахь удаа Хонгор нутгийнхнаа төрд төлөөлөх болов.

Ардчилсан намаас А.Адъяасүрэн анх удаа ялалт байгуулж, МАН-аас нэр дэвшигч Б.Батцэцэгээс 286 хүний илүү санал авснаар Их хурлын гишүүн болсон. Түүний араас Ардчилсан намын П.Нүрзэд 40.8, Л.Элдэв-Очир 39.9 хувийн саналаар жагссан байдаг.

2024 онд Баянхонгорт хэн хэн нэр дэвших вэ гэдэг марафон үргэлжилж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар дөрвөн удаа сонгогдсон тойргоо өөрчилж байгаа гэх улс төрийн хүрээний мэдээлэл бий. Намын дарга Л.Оюун-Эрдэнэ нь намын жагсаалтад залуусыг оруулна гэсэн тул түүнд орон зай олдохгүй байх магадлал өндөр. Тиймээс Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр судалгаа хийлгэж байгаа юм билээ.

Хулгай, луйвар, тендерийн наймаа, ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгайд бүрэн идэгдсэн МАН-ын хувьд маш хатуу сонгууль хүлээж байна. Судалгааны дүн нь ч тийм таатай гараагүй гэх мэдээлэл бий. Тиймээс Г.Занданшатарт намын жагсаалтад багтах санаархал маш их буй аж.

МАН-ын хулгай гаарсан сүүлийн долоон жилийн зургаад нь тэрбээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын дарга гэх мэтчилэн өндөр албан тушаал хашиж ирсэн. Тиймээс өнөөдрийн хулгай нүүрлэсэн Монгол Улсад хариуцлага хүлээх ёстой хүмүүсийн нэг нь тэр болж таарч байгаа юм.

Тойрогт очиж, нэр дэвшинэ гэдэг чухамдаа гал атгаж, сонгуульд орно гэсэн үг. Тийм ч болохоор өнгөрөгч хаврын чуулганаас эхлэн индэр дээрээс шударга ёсны баг зүүж, үг хэлэх болсон. Ард түмэнд таалагдахын тулд НАӨТ-ын буцаан олголтыг таван хувь болгуулахаар зүтгэсэн ч Л.Оюун-Эрдэнэд амаа алгадуулсан. Түүний цаашдын улс төрийн хувь заяа жагсаалтад багтахаас хамаарч байна.

Баянхонгорт МАН-аас хэн нэр дэвших вэ гэдэг анхаарал татаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Батсуурийн Даваадалай, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Дуламын Бум-Очир, Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, АИТХ-ын төлөөлөгч, бизнесмэн Бэгзсүрэнгийн Энхтүвшин нар нэр дэвшихээр тойргийн усалгаагаа эхлээд байна.

Эцсийн мөчид эвгүйтвэл аавынхаа нутгийг зорих хүн мэдээж Г.Занданшатар. Нутгийнхнаасаа оноо авахын тулд шоронд хоригдоод буй Д.Мөнх-Эрдэнийг хорих 441 дүгээр ангид очиж эргэсэн байгаа юм. Ингэж таалагдах тактикаа алхам алхмаар хийж, арга барагдвал эцсийн зогсоолоо Баянхонгор гэж үзэж байна. Үндсэндээ МАН-аас нэр дэвших сонирхолтой зургаан горилогч байгаа гэхэд болно. Тэдний гурав нь л МАН-аас нэр дэвших мандат олж авна. Гурав нь гомдол тээж үлдэх нь гарцаагүй. 

Өөрөө хүсэхгүй байгаа болохоос олонд танигдсан гэдгээрээ Г.Занданшатар Баянхонгорт нэр дэвшвэл бусдаасаа өндөр санал авах байх. Гэхдээ улс орны эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьдрал ахуй, нийгмийн бухимдлыгн тэр эрхгүй мэдэрсэн байх. Тийм ч болохоор аймаг аймагт очиж жижигхэн судалгаа маягийн зүйл хийнгээ иргэдийн уулзалтыг ч мөн хийх болсон. Өмнөх сонгуульд А.Адъяасүрэнд 286 хүний саналаар ялагдсан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн хоёр зөвлөхийн дунд нэр дэвшилт явах магадлалтай.

Төрийн тэргүүн парламентад өөрийн квоттой байхын тулд 2000 онд Баянхонгороос сонгогдож байсан, эрдэмтэн С.Дуламын хүү, зөвлөх Бум-Очир, зөвлөх Б.Даваадалай нарыг илгээж байна.

Харин Ардчилсан нам залуусыг Баянхонгорт сойхоор зэхэж буй. Одоогийн байдлаар нүүрсний хэргээр “авдарт” орчихгүй бол УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, “Женко” Х.Баттулгын МоАХ фракцийн төлөөлөл, аймгийн Засаг дарга асан, Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан төмөр замын хэргээр аавын хаалга татчихгүй бол дэвшихээр болж, “Женко”-гийн талаас П.Нүрзэд дахин нэр дэвшиж, даагаа нэхнэ.

Гэхдээ Х.Баттулга Ардчилсан намын жагсаалтын эхэнд багтахгүй бол Баянхонгор руугаа л бадар барих бол нутгийн дүү УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг мөн Баянхонгорт илгээж магадгүй. Ардчилсан намаас бус МоАХ фракцаа нам болговол түүнээс, эсхүл ИЗНН-ыг худалдаж авах наймаагаа эцэслэн тохирч чадвал С.Ганбаатар тэндээс нэр дэвшинэ.

“Босоо” гишүүн сүүлийн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт уурлан, “Түй чёрт, ийм залуу гэж мэдсэнгүй” хэмээн гомдоллож яваа. Тэрбээр өөрийн туслахаар ажиллаж байсан Б.Өлзийбат гэгч залууг УИХ-д дэвшүүлэхээр дэмжин ажиллаж, Баянхонгор аймаг руу гүйдэлтэй болчихоод байгаа юм.

Гэсэн ч Х.Баттулгын сүүлчийн хоргодох цайз нь Ардчилсан нам гэдгийг тэр мэдэж буй. УИХ-ын гишүүн Д.Ганбат Баянхонгорт дахин өрсөлдөхөөс огт буцахгүй. Гэсэн ч Х.Баттулга Баянхонгорын Ардчилсан намаа авсан тул түүнд дахин боломж гарч ирэхгүй.

Баянхонгор аймагт хийсэн судалгаанаас харахад, МАН, АН аль аль нь сонгогчдын дунд нэр хүнд муутай байна. Баянхонгорынхон нам биш хүн харж сонголтоо хийнэ гэдгээ мэдэгдээд эхэлсэн байна лээ. Тиймээс ирэх 2024 оны сонгуулийн нэр дэвшилт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, “Женко” Х.Баттулга нарын дунд өрнөж, кнопоо хэн нь авах вэ гэдэг дээр тулаан өрнөх янзтай байна.

Э.ТЭРГЭЛ

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: 

ПРОГНОЗ 2024: Архангайд Ардчилсан нам ялах магадлалтай

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу