Уг нь сонгуулийн тойрог томсгох асуудал нь тухайн аймаг, дүүргийг бүхэлд нь нэг тойрог болгон, санал хураалт явуулах талаар л МАН-ын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, үүнийг дэмжих ёстой хэмээн, намын гишүүддээ хэлж байсан.

Монгол Улсын Их Хурал 2024 оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-ын сонгуулийн тойргийн системийг батлах ёстой. Өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар жигтэй нэг санал гаргасан нь улс төрийн хүрээнд цочроо өгөөд байна.

Тэрбээр “Ирэх жил сонгууль болно. Сонгуулийн тойргийн асуудлыг ярих хэрэгтэй байна. Тойргийн жижиг байдлын зовлонд яваад байвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Хөгжсөн ч маргааш нь нэг нөхөр гарч ирж “поп”-роод, улс орны эдийн засгийг нураана. Тийм учраас сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэхдээ жижигрүүлэх биш, улам томруулмаар байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр пропорциональ гээд оруулчихсан учраас улсаа нэг тойрог болгож болохгүй. 76 тойрог бол бүр болохгүй.

Одоогийн тойргоо бүсчилсэн байдлаар томруулмаар байна. Тухайлбал, баруун аймгуудыг нэг тойрог болгох хэрэгтэй. Тэгвэл тэнд эрчим хүч, авто зам, хил боомтын асуудал шийдэгдэнэ. Томоохон хэмжээний хөрөнгө оруулалтууд хийгдэх бололцоотой болно. Тэгэхгүй бол жалга тойрсон асуудлуудаа ярьдаг, бие бие рүүгээ дайрдаг, хөлс мөнгөөр захиалж, нэгийгээ “хусдаг” улс төр салахгүй нь” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Ч.Хүрэлбаатар сайд Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн, нэг тойрог болгож, тэндээс сонгогдох гишүүд нь жалганаас биш хэд хэдэн аймгийн иргэдийн саналыг авч чадвал улсын хөгжилд хэрэгтэй гэсэн юм.

Сумын сургууль, цэцэрлэгийн асуудал бус, бүсчилсэн хөгжлийн асуудлыг хэрэгжүүлэх ёстой гэсэн санал дээр УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүрэлбаатар гишүүний хэлж байгаатай санал нэг байна. Маш олон жил яригдсан ч ажил хэрэг болохгүй байна. Энэ асуудлаа хугацааг нь тулгаж хийлгүй эртхэн хийх нь ч зөв” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Улаанбаатар шиг таталцлын төвүүд Монгол Улсын баруун, зүүн, өмнөд, хойд бүс нутагт хэрэгтэй. Хөгжлийн олон татах хүчтэй болох жор нь тойрог томсгох. Ингэж байж Улаанбаатар хотын төвлөрөл түгжрэл, утаа шийдэгдэнэ.

Монгол хүн бүр төрж өссөн нутагтаа сайхан амьдрах боломж бүрдэнэ. Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлоготой болсон. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиа баталсан. Улс орны, бүс нутгийн хөгжлийн энэ газрын зургаа одоо томоор нь, цогцоор нь харж хөгжих цаг нь болсон.

Өнгөрсөн хугацаанд сум, багийн хэмжээний асуудал хөрөнгө оруулалтад бид түлхүү анхаарсан. Харин одоо эрчим хүчний хувьд,түлш шатахууны хувьд хараат бус болох том төслүүдээ хөдөлгөх нь илүү чухал байна.

Малын гаралтай түүхий эдээ боловсруулах, байгалийн баялгаа боловсруулах, үйлдвэржих бодит шаардлага байна. Асуудлаа томоор харж, хөгжлөө цогцоор нь хэрэгжүүлэхэд сонгуулийн тойрог томсгох явдал гол хөшүүрэг болно” хэмээн мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд “Сонгуулийн тойргийг томсгох нь зөв. Монгол Улсын эдийн засгийн онцлог нь уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар бөгөөд эдгээр нь газар нутгаас шууд хамаардаг тул газраа бүсчилсэн тохиолдолд сая хөгжих боломж бүрдэнэ.

Гэтэл 76 гишүүнийг 21 аймаг, 9 дүүргээс сонгочихоор бүсчилсэн хөгжлийн бодлого нь цаас болж, аймаг сумд нь эзгүйрч, хотынхоо утаанд хордож, нийтээрээ түгжирч байгаа билээ. Хэрэв томсговол тойрог усалдаг төсвийн тогтолцоо буурч, орон нутагт зах зээл үүсэх, бизнес сэргэх, хөнгөн аж үйлдвэр хөгжинө.

Мэдээж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжих бодит хөрс үүсч, сонгуулийн санал худалдан авалт эрс бууран, нутгийн феодалууд төрөх боломжгүй болно” хэмээн байр сууриа илэрхийлсэн харагдана лээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат ч мөн дэмжиж буйгаа хэлж байв.

Үүнтэй холбогдуулан нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр “Үнэхээр энэ гар Ч.Хүрэлбаатартай нийлээд, сонгуулийн тогтолцоог Хүрлээгийн хэлсэн хувилбараар өөрчилж чадвал би энэ хоёрын сонгуулийн менежер нь болж зүтгэнэ. Сонгуулийн тогтолцоог Ч.Хүрэлбаатарын хувилбараар өөрчлөхөд улс орон өргөс авсан мэт сэхээнээс гарна” хэмээн твиттерт жиргэсэн юм.

Баабарын хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүхий л бодлогыг дэмжих болсон. Хувь Л.Оюун-Эрдэнийг ч боломж гарвал дэмждэг болсныг намынхан нь хэлдэг. Тэгэхээр энэ санаачилга Л.Оюун-Эрдэнийн зүгээс УИХ-ын гишүүдийн дунд өгсөн мессэж байж болно.

Үүнээс үзэхэд, ирэх сонгуулийн тойргийн хуваарилалт бүсчилсэн байдлаар батлагдах боломж өндөр байна. Учир нь Засгийн газрын гишүүд нь санал санаачилга гарган, түүнийг нь дэмжиж, МАН-ын дагуул намын дарга гэгдэх Т.Доржханд, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Д.Ганбат нар дэмжих нь.

Жалганы улс төрөөс салъя гэж үнэхээр шийдсэн бол суманд халуун ус, багийн төвийн байр бариулна гэж төсөв тасалдаг байдал зогсоно гэсэн үг. Бодлогын томоохон реформ хийгдэж, бүсчилсэн хөгжлийн томоохон хөтөлбөрүүд хэрэгжих боломжтой болно.

Гэм нь олонд сайн, муугаараа танигдсан ямар ч улстөрч нэр дэвшихэд давуу тал бий болох магадлал өндөр. Улс төрд орж ирсэн шинэ залуус нэг аймаг, дүүргийн хэсэг газар тойглож байгаа бол дор хаяж хоёроос гурван дүүрэг, эсхүл 3-4 аймгийг хамарч ажиллах зайлшгүй шаардлага бий болж байна.

Сонгогчдын хувьд “танихгүй бурхнаас таньдаг чөтгөр”-төө саналаа өгч ирсэн байдаг. Тиймээс залуусаас танигдац шаардсан, дүүрэг, нэг аймагт мөнгө цацаж гардаг хүмүүс бүсчилсэн байдлаар мөнгө цацах гэх мэтчилэн санхүүгийн хувьд хүндрэлтэй байдал руу ч хөтөлж мэднэ. Нэг үгээр хэлбэл, популистууд улам гаарч, улс төрийн оноо авах явуургүй арга ч өргөн хэрэглэгдэх сөрөг тал бий.

Э.ИВЭЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу