ОХУ-ын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийг 2024 оны гуравдугаар сарын 17-ны өдөр явуулах болсон талаар тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдэгдэв. Тодруулбал, ОХУ-ын Парламентын дээд танхим-Холбооны Зөвлөл өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гараг (2023.12.07)-т хуралдаж, ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг 2024 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөр тогтсоноо танилцуулсан.

Холбооны Зөвлөлийн дарга дээрх шийдвэр гарсантай холбогдуулан “ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажил албан ёсоор эхэлж байна” гэж мэдээлэв. ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2024 оны тавдугаар сарын 7-нд болох товтой байна.

Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын саналын талаас илүүг аваагүй тохиолдолд 21 хоногийн дараа хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн төлөө дахин санал хураалт явуулах ажээ.

Олон улсын хэвлэлүүдэд ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин ирэх онд дахин сонгогдож, тав дахь удаагаа тус улсын Ерөнхийлөгчийн албыг хаших магадлал өндөр байна гэж мэдээлж буй юм.

Владимир Владимирович Путин

Путин 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэхээ албан ёсоор зарлаагүй байна. Олон улсын болон дотоодын ажиглагчид Путин сонгуульд өрсөлдөх нь эргэлзээгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж буй юм.

Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос Владимир Путин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхийг асуухад тэрбээр сэтгүүлчдээс “тэвчээртэй байх”-ыг хүсчээ.

“Медуза” сонинд 2023 оны эхээр мэдээлснээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар (РФ АП) ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж эхэлсэн байна. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, Путины сонгуулийн кампанит ажил “консерватизмын үзэл суртал”-д чиглэж, нэр дэвшигчийг “уламжлалт үнэт зүйлсийн манаач” болгож, уламжлалт үзэл, “Оросын ёс суртахууны баруунаас давуу байдал”-д анхаарлаа хандуулах бололтой.

Ерөнхийлөгч Владимир Путин бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, дахин хоёр ч удаа сонгогдож, нэг удаадаа 6 жилээр Ерөнхийлөгчийн алба хаших боломжтой болсон. Улмаар тэрбээр 2036 он хүртэл ОХУ-ын төрийн эрхэнд суух бүрэн боломжтой юм.

Олон улсын судлаачид Путиныг төрийн эрхэнд 24 жил суухдаа өөрийн байр суурийг бат тогтоож чадсан гэж үздэг. Түүний нэр хүнд Украины дайнтай холбоотойгоор олон улсад ихээхэн унаж байгаа ч ирэх оны сонгуульд өрсөлдөхөд нь төдийлөн сөргөөр нөлөөлөх төлөв ажиглагдахгүй байгааг шинжээчид хэлж буй аж.

Өнөөдрийн байдлаар Владимир Путинтэй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн нэр тодорхой болоогүй ч хэд хэдэн хүний нэр яригдаж буй юм.

Борис Надеждин

2023 оны аравдугаар сарын 31-ний өдөр “Иргэний санаачилга” улс төрийн нам (2018 оны сонгуульд Ксения Собчакийг нэр дэвшүүлсэн) өмнө нь намын улс төрийн зөвлөлд өргөдөл гаргасан Борис Борисович Надеждиныг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр 1963 оны дөрөвдүгээр сарын 26-нд Ташкент, Узбек (ССР, ЗХУ)-т төрсөн. Оросын улстөрч, багш нэгэн бөгөөд сонгуулийн кампанит ажлаа олон нийтээс санхүүжилт татаж хийхээр төлөвлөж буй талаараа ярьсан байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нд тэрбээр YouTube-ийн “Живой гвоздь” сувагт ярилцлага өгөхдөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байгаа талаараа ярьжээ.

Борис Надеждина өмнө нь нийгмийн сүлжээндээ “манифест” нийтэлж, Украиныг эзлэн түрэмгийлсэн нь одоогийн Ерөнхийлөгч Владимир Путины “хөөрхийлөлтэй алдаа” гэж нэрлээд, түүнийг “Оросыг өнгөрсөн рүү чирж, гол түлхүүрийг устгасан” гэж буруутгажээ.

Нэмж дурдахад, Надеждин өөрийн Telegram сувагтаа “21-р зуунд Оросын байр суурь” нэвтрүүлгийн нийтлэлийг байршуулаад, Оросын улс төр, эдийн засагт Хятад улсын өсөн нэмэгдэж буй үүрэг рольд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлээд, барууны орнуудтай эргэн ойртох хандлага руу буцахыг санал болгожээ.

Москва мужийн Долгопрудный хотын дүүргийн Депутатуудын зөвлөлийн орлогч (1990-1997, 2019 оноос өнөөг хүртэл), Бүс нутгийн төсөл, хууль тогтоомжийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч (2001 оноос)-өөр өнөөг хүртэл).

Борис Надеждин 2023 оны аравдугаар сарын 31-нд 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлажээ.

Екатерина Дунцова

ОХУ-ын ерөнхийлөгчийн 2024 оны сонгуульд нэр дэвшихээ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-нд илэрхийлсэн Екатерина Сергеевна Дунцова ОХУ-ын Красноярскт 1983 оны дөрөвдүгээр сарын 24-нд төрсөн, 3 хүүхэдтэй. Тверь мужийн Ржев хотын Думын депутат (2019–2022)-аар ажиллаж байсан.

Тэрбээр ОХУ “мөргөлдөөнийг зогсоож, ардчилсан шинэчлэл хийж, улс төрийн хоригдлуудыг суллах хэрэгтэй” гэж үзэж байгаа аж. Нэр дэвшиж буй хүний хувьд 300 мянган сонгогчийн гарын үсэг цуглуулах шаардлагатай.

Цахим орчинд Дунцова улам бүр “алдаршиж”, Telegram сувагт өдөрт 4-6 мянган хүн түүнийг дэмжиж буйгаа илэрхийлж, дагагчдынх нь тоо хэдийнэ 100 мянга давжээ. Түүний тухай видео бичлэгүүд хэдэн зуун мянган үзэлт, лайк авч байгаа аж. Тэр ч байтугай тэрбээр сонгуулийн сурталчилгааны мэдээлэл бүхий цахим хуудастай болсон байна.

Орон нутгийн сайн дурын эрэн хайх, аврах багийн ажлыг зохицуулдаг тэрбээр хууль эрх зүй, телевизийн сэтгүүлзүйн чиглэлээр хоёр дээд сургууль төгссөн. Сүүлийн 20 жил сэтгүүлчээр ажиллажээ.

Дунцова либерал байр суурьтай. Тэрбээр ялангуяа үр хөндөлтийг хориглохыг эсэргүүцэж, аливаа зэвсэгт мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа онцолж, сонгуулийн мөрийн хөтөлбөртөө улс төрийн хоригдлуудыг суллах нь чухал зэрэг асуудлуудыг багтаасан байна.

Түүний бодлоор ийм том улсад зөвхөн нэг хүний ​​шийдвэр төгс биш бөгөөд парламентын бүгд найрамдах улс аврал болох аж.

Устин Чащихин

Устин Валерьевич Чащихин Москвагийн Улсын Их Сургуулийн Химийн факультет төгссөн. М.В.Ломоносов (MSU), Эдийн засгийн дээд сургууль (HSE) болон Нидерландын Маркетингийн Институт (NIMA)-д суралцсан. Европын маркетингийн холбоо, Оросын маркетингийн холбооны гэрчилгээтэй.

Сургуульд байхдаа Устин Чащихин Бүх Холбооны химийн олимпиад, физик, математикийн хэд хэдэн хотын олимпиадад түрүүлжээ. Тэрбээр физик-математикийн тусгай сургуульд, дараа нь химийн сургуульд суралцсан.

Тэр “Би багаасаа байгалийн шинжлэх ухаан-одон орон, физик, хими, математикийг сонирхож, одон орон судлалын анхны ном болох “Тэнгэрт юуг хэрхэн ажиглах вэ” номыг 4-р ангидаа уншсан. Би багаасаа Перелманы номоос асуудал шийдвэрлэх, Квантын номуудаас унших дуртай байсан. Аравдугаар ангидаа би их сургуулийн химийн хичээлийг бүрэн эзэмшсэн” гэж ярьжээ. Иймд Устин Чащихин Москвагийн Улсын Их Сургуульд шалгалтгүй, багшгүйгээр, хахууль өгөлгүй элсэн орсон байна.

Өндөр боловсролтой, шинжлэх ухаанч сэтгэлгээ, олон талын мэдлэгтэй Устин Чащихин нарийн төвөгтэй асуудлын энгийн шийдлийг олохдоо гарамгай нэгэн аж. Тэр өөрийн бичсэн “Шинжлэх ухааны атеизм” номдоо олон хүнд шийдэгдэхгүй мэт санагдах ээдрээтэй асуудалд зоригтойгоор энгийн шийдлүүдийг санал болгодог бол үндэслэл, тооцоололд алдаа гаргахгүй байх боломж олгодог шинжлэх ухааны аргад тулгуурлан мэтгэлцдэг байна.

Тэрбээр Орос улсыг 2008-2011 оны дэлхийн эдийн засгийн хямралаас гарах хувилбарууд, мөн Оросын хүн ам зүйн сүйрлийг шийдвэрлэх хувилбаруудыг санал болгосон Оросын эдийн засагч. Тэрбээр “Шинжлэх ухааны атеизм”, “Шинжлэх ухааны мэдлэгийн арга барил”, “Хямралыг даван туулах нь”, “Инновациар импортыг орлох: аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга зам” номууд бичжээ.

Григорий Явлинский 

Григорий Алексеевич Явлинский 1952 оны дөрөвдүгээр сарын 10-нд Украины Львов хотод төрсөн. Яблоко намын үүсгэн байгуулагч. Залуудаа тэрбээр спортоор идэвхтэй хичээллэж, хоёр удаа Украины өсвөрийн боксын аварга болжээ.

Ахлах сургуульд байхдаа Явлинский ажилчин залуучуудын оройн сургуульд сурахын зэрэгцээ ажиллаж байсан аж. Тэрбээр эхлээд хэсэг хугацаанд Львовын шуудангийн газарт экспедитор, дараа нь арьс ширний үйлдвэрт, Львовын шилний үйлдвэрт цахилгаанчнаар тус тус ажиллаж байжээ.

1980-1984 онд Явлинский Хөдөлмөр, нийгмийн асуудал эрхэлсэн улсын хорооны (Госкомтруд) Хөдөлмөрийн судалгааны хүрээлэнгийн хүнд үйлдвэрийн салбарын даргаар ажилласан байна.

1984-1989 онд Хөдөлмөрийн улсын хорооны нэгдсэн хэлтсийн орлогч дарга, Нийгмийн хөгжил, хүн амын хэлтсийн дарга, 1989 онд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн Эдийн засгийн нэгдсэн хэлтсийн даргын албан тушаалд шилжин ажиллажээ.

1990 оны 7-р сард түүнийг ЗСБНУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар томилжээ. Энэ албан тушаалд ажиллах хугацаандаа тэрбээр ЗХУ-ын эдийн засгийг зах зээлийн эдийн засагт шилжүүлэх хөтөлбөр (“500 хоног”) болон түүнийг хэрэгжүүлэх багц хуулийн төслийг бэлтгэсэн байна. 1990 оны аравдугаар сард Явлинский ЗСБНУ-ын Дээд Зөвлөл, Холбооны Бүгд Найрамдах Улсын Дээд Зөвлөлөөс баталсан “500 хоног” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил хойшлогдсоны улмаас огцорчээ.

1991 оны наймдугаар сард тэрээр ЗСБНУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Эдийн засгийн шинэчлэлийн улсын комиссын даргаар томилогдсон байна. 1992 оноос Эдийн засаг, улс төрийн судалгааны төвийн (EPIcenter) Удирдах зөвлөлийн дарга, 1993 оны аравдугаар сард Яблоко сонгуулийн холбоо (Явлинский, Болдырев, Лукин нарын блок)-г үүсгэн байгуулагчдын нэг болжээ.

Григорий Явлинский ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын нэгдүгээр (1993-1995), хоёрдугаар (1996-1999), гуравдугаар (2000-2003) хурлын депутат, “Яблоко” фракцын удирдагч (1993-2003) юм. 2011 оны арванхоёрдугаар сард Явлинский “Яблоко” намын жагсаалтаар тав дахь удаагаа Санкт-Петербургийн Хууль тогтоох хурлын депутатаар сонгогджээ.

2011-2016 онд тэрээр Санкт-Петербургийн Хууль тогтоох ассемблейн “Яблоко” фракцыг удирдаж байсан аж. 2017 оны тавдугаар сард Явлинский дэлхийн либерал намуудыг нэгтгэдэг улс төрийн байгууллага болох Либерал Интернэшнлийн хүндэт дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Григорий Явлинский 1996, 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан аж. 1996 онд тэрбээр 7.4 хувийн санал авч дөрөвдүгээр байр, 2000 онд 5.8 хувийн санал авч, гуравдугаар байр тус тус эзэлжээ.

Григорий Явлинскийг 2011 оны арванхоёрдугаар сард “Яблоко” намын их хурлаар ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн боловч Сонгуулийн төв комисс түүнийг бүртгэхээс татгалзаж, түүнийг дэмжсэн гарын үсгийн 25 гаруй хувийг “татгалзсан” байна.

Григорий Явлинский – Эдийн засгийн ухааны доктор (2005), профессор. Үндэсний судалгааны их сургуулийн Эдийн засгийн дээд сургуулийн Эдийн засгийн шинжлэх ухааны факультетэд багшилдаг.

Явлинский “Эдийн засгийн шинэчлэлийн сургамж” (1993), “Оросын эдийн засаг: өв ба боломжууд” (1995), “Оросын улс төр, эдийн засгийн тухай” (1999), “Модернизаци” зэрэг олон ном, шинжлэх ухааны бүтээл, нийтлэлийн зохиогч аж.

Тухайлбал, “Орчин үеийн Орос: эдийн засгийн шуудан, улс төрийн дүгнэлт” (2002), “Урамшуулал ба институци. Орос дахь зах зээлийн эдийн засагт шилжих шилжилт” (2007, хамтран зохиогч), “Худал ба хууль ёсны байдал / Шинэчлэлийн хорин жил” (2011), “Орос эдийн засгийн систем. Өнөө ба ирээдүй” (2014), “Захын капитализм” (2014) гэх мэтчилэн дурдаж болно.

Григорий Явлинский олон шагнал хүртжээ. Тэр дундаа Чехийн Олон нийтийн либерал институтын “Либерал сэтгэлгээг хөгжүүлэх, эрх чөлөө, хувийн өмч, өрсөлдөөн, хууль дээдлэх үзэл санааг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр” (2000) зэрэг шагналын эзэн болсон байна. Мөн “Эрх чөлөөний төлөө” олон улсын шагнал (2004) хүртжээ.

Явлинский хоёр хүүтэй. Эхнэр Елена Явлинская нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, өмнө нь Гипроуглемаш судалгааны хүрээлэнд ажиллаж байсан аж. Явлинскийн ууган хүү Михаил (1971 онд төрсөн) Москвагийн Улсын Их Сургуулийн физикийн ангийг төгссөн, сэтгүүлчээр ажилладаг. Отгон хүү Алексей (1981 онд төрсөн) нь том өгөгдөл боловсруулах чиглэлийн програмист, судалгааны инженер мэргэжилтэй. Өдгөө хөвгүүд нь Их Британид амьдардаг байна.

Эх сурвалж: TASS, RIA NOVOSTI, WIKIPEDIA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу