Гаалийн ерөнхий газраас гадаад худалдааны 2023 оны эхний 11 сарын гүйцэтгэлийг экспортын 598549, импортын 280006 гаалийн мэдүүлэг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ. Үүнээс тайлангийн хугацаанд нээгдэж ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 27408, импортын 1293 мэдүүлэг байв.

2023 оны эхний 11 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 22187.2 сая ам.доллар болж,  2022 оны мөн үеэс 3171.2 сая ам.доллар буюу 16.7 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 5435.7 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

Экспортод 13811.4 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.9 хувиар өссөн байна. Экспортод нийлүүлсэн барааны 98.7 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 11942.8 сая ам.доллар буюу 86.5 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 687.7 сая ам.доллар буюу 5.0 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 428.2 сая ам.доллар буюу 3.1 хувийг тус тус эзэлж, эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.5 хувийг эзэлсэн байна.

2023 оны эхний 11 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр,  цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, зэсийн баяжмалын 99.9  хувийг, чулуун нүүрсний 99.3 хувийг  БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 33.5 хувийг, ямааны самнасан ноолуурын 86.2 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 99.7 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 82.5 хувийг эзлэж байна.

Монгол Улс дэлхийн 80 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.2 хувь, Швейцарьт 4.3 хувь, БНСУ-д 1.1 хувь тус тус ногдож, нийт экспортын 96.6 хувийг дээрх орнууд эзэлж буй аж.

Импортоор нийт 8375.8 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 504.5 сая ам.доллараар буюу 6.4 хувиар өссөн байна. Импортоор нийлүүлэгдсэн барааны 95.4 хувийг валютын төлбөртэй худалдаа, 1.9 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.5 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.4 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.3 хувийг реимпорт эзэлжээ.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1609.1 сая ам.доллар буюу 19.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1914.0 сая ам.доллар  буюу 22.9 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1665.0 сая ам.доллар буюу 87.0 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 937.5 сая ам.доллар буюу 35.2 хувь.

Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1504.3 сая ам.доллар буюу 18.0 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 798.7 сая ам.доллар буюу 9.5 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 463.8 сая ам.доллар буюу 5.5  хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 82.7 хувь ногдож байна.

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 43.2 сая ам.долларын бараа импортлосноос барааг гарал үүслийн орноор авч үзэхэд БНХАУ-д 39.6 хувь, Турк-д 17.3 хувь, Япон-д 11.6 хувь, БНСУ-д 9.4 хувь  тус тус ногдож байна.

Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал АНУ-д 37.6 хувь, БНХАУ-д 14.8 хувь, Япон-д 10.8 хувь, БНСУ-д 9.4 хувь ногдож байна.

Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 159.3 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл БНХАУ-д 70.9 хувь, Австри-т 8.4 хувь, БНСУ-д 5.8 хувь, ОХУ-д 4.8 хувь тус тус ногджээ.

Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 46.0 хувийг  БНХАУ-аас, 42.4 хувийг АНУ -с, 5.0 хувийг Энэтхэгээс тус тус олгосон байна.

Нийт 121.1 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар  авч үзвэл ОХУ-д 74.4 хувь, БНХАУ-д 21.0 хувь тус тус ногджээ.

Монгол Улс дэлхийн 158 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 40.3 хувь; ОХУ-д 25.7 хувь; Япон-д 7.8 хувь; БНСУ-д 4.5 хувь; АНУ-д 3.1 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.4 хувийг эзэлсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу