Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр (2023.12.11) хуралдаж дуусжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар гишүүд мэдээлэл хийж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, АМГТГ-ын дарга Л.Баярмандал, УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр нартай цаг гаруй ярилцлаа. Хоёр сарын өмнө сануулж байсан ажлуудаас нэг нь ч шийдэгдээгүй байна. Хариулт нь “Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр гардаг шиг еэвэнгийн тал шиг юм байна. Импортоор орж ирж байгаа шатахууны хэмжээ хорогдохгүй байгаа гээд л байх юм. Тэр нь бидэнд ямар хамаатай юм бэ. Амьдрал дээр “0” зогсоод байна шүү дээ. Шатахууны үнэ нэмэгдэж, дизель түлш бараг 6000 төгрөг боллоо. Гэтэл дамлан худалдаалахыг зогсооно гэх мэтээр өнөө, маргаашаа аргацаасан шийдвэр гаргаж байна.

Асуудлыг хэрхэн шийдэх талаар асуухад, Та нар ингээд шахаад байвал уул уурхай руу түлш өгөхөө больж, иргэддээ өгье” гэж хариулсан. Ийм элий балай юм ярьж байна.

Бичигт, Замын-Үүд болон бусад боомтоор түлш оруулж ирэх талаар БНХАУ-ын талтай хэдэн удаа уулзсан бэ, протоколоо үзүүл гэхээр олон удаа уулзаж байгаа л гэж хариуллаа. АМГТГ-ын дарга нь өндөр үнэтэй шинэ жилд ороод явахын оронд Бичигтийн боомт яваад, шатахуун оруулж ирэх талаар хөөцөлдөж, зам зуурт цас хэр байгааг харж явах хэрэгтэй. Хөдөө том байтугай жижиг машин ч явахгүй байна шүү дээ. Гэтэл өндөр үнэтэй шинэ жилд ороод, баян тансгаа харуулаад, гоё ганганаа дуудуулаад явах юм” хэмээлээ. 

Улмаар УИХ дахь АН-ын бүлгээс УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээ мэдэгдлээ. Тэд Ж.Ганбаатар сайдад нэн яаралтай хариуцлага тооцож, өнөөдрийн болж байгаа процессыг хэвийн болгохыг шаардав.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу