УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал энэ сарын 13-нд буюу ирэх Лхагва гарагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 

Тодруулбал, тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч есдүгээр сарын 28-нд болох товтой байсан ч Б.Ганхуягийн биеийн байдал муу, гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзсэн тул нэг сарын хугацаагаар хойшлуулсан юм. 

Сануулахад, Нүүрсний хэргийг хянан шалгах УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй хяналтын сонсголын эхний шатанд Б.Ганхуягийг гэрчээр дуудсан боловч оролцуулаагүй. Шалтгааныг нь ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Түүнийг гэрчээр дуудах тогтоолыг миний бие шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Гэвч тэр шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хоригдож байгаа тул сонсголд оролцуулах боломгүй гэсэн. Шүүхийн шийдвэрийг хэн ч өөрчлөх боломжгүй” хэмээсэн юм. Мөн энэ үеэр Б.Ганхуягийн эгч, нөхрийн хамт мэдээлэл хүргэж, Б.Ганхуягийг хордлогод орсон талаар хэлсэн билээ. 

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар хоёр дахь шатны сонсголд гэрчээр дуудагдаад байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу