Холбооны аюулгүй байдлын алба (ХАБА), Крымд террорист халдлага үйлдэн, өндөр албан тушаалтнууд болон цэргийн албан хаагчдын амь насанд халдахаар төлөвлөж байсан Украины агентууд болон тэдний хамсаатнуудыг саатуулжээ.

Агентын сүлжээ нь гадаадын кураторуудын хяналт дор байгуулагдсан, маш нууцлагдмал байсан бөгөөд төрийн болон цэргийн албан хаагчид, ХАБА-ны ажилтнууд, түүнчлэн хойгийн тээвэр, эрчим хүчний дэд бүтцийн байгууламжийн эсрэг томоохон хорлон сүйтгэх, террорист ажиллагаа явуулах зорилготой байсан аж.

Крымын тэргүүн Сергей Аксенов, Парламентын дарга Владимир Константинов, Ялта хотын дарга Янина Павленко, блогчин Александр Талипов, Украины депутат асан Олег Царев нар Украины агентуудын “бай” байжээ.

Мөн улсын аюулгүй байдлын агентлагууд төмөр замын зургаан хэсэг, хий түгээх төхөөрөмжийн хоёр байгууламж, цахилгааны гурван дэд станц, гурван машин дэлбэлэх зэрэг 14 террорист халдлагаас урьдчилан сэргийлж чадсан байна.

Холбооны аюулгүй байдлын албанаас “Украины тусгай албаны 15 агуулахыг илрүүлж, тэдгээрээс 37 гар хийцийн тэсрэх төхөөрөмж, 200 гаруй кг тэсрэх бодис хураан авсан” гэж мэдэгджээ.

Аюулгүй байдлын албаныхан Крымын Симферополь, Киров, Феодосия муж дахь төмөр замд таван удаа хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, Симферополь болон Корейз тосгонд хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон Украины тусгай албаны 18 агент, хамсаатнуудыг саатуулжээ. Хорлон сүйтгэх ажиллагаа үйлдэхээр төлөвлөж байсан хэргээр өмнө нь 10 хүн ял сонссон байна.

Эх сурвалж: РОССИЯ 24
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу