Палестины исламын жихад хөдөлгөөний цэргийн жигүүр болох “Сарая аль-Кудс” (Иерусалемийн компаниуд) бүлэглэл ХАМАС хөдөлгөөний цэргийн жигүүр Иззеддин аль-Кассамын бригадтай Израилийн армийн анги нэгтгэлүүдийн эсрэг хамтарсан ажиллагаа явуулахаа зарлав.

Saraya al-Quds Telegram сувагт нийтэлсэн зурваст дурдсанчлан, Палестины дайчид Газын зурвасын хойд хэсэгт орших Жебалия дүрвэгсдийн хуарангийн ойролцоо байрладаг еврей улсын Зэвсэгт хүчний бүлэглэлийн цэргүүдийг шархдуулж, заримыг нь хөнөөсөн байна.

Үүнээс гадна Газын зурвас дахь Такаддум, Аз-Зайтуна, Хан Юнис суурингийн ойролцоо Израилийн армийн хэд хэдэн танк, хуягт тээвэрлэгчийг устгасан хариуцлагыг “Сарая аль-Кудс” хүлээжээ.

Палестины ХАМАС хөдөлгөөний Улс төрийн товчооны гишүүн Осама Хамдан “Аль-Жазира” телевизийн сувагт “Палестины ХАМАС хөдөлгөөн Газын зурвасын эсрэг түрэмгийлэл дуусах хүртэл Израильтай хоригдлууд солилцох ямар ч хэлэлцээр хийхгүй” гэж ярьсан байна.

Шийтийн “Хезболла” нам Ливаны өмнөд хэсэгт Израильтай хийж буй цэргийн мөргөлдөөний цар хүрээг өргөжүүлэх бодолгүй байгаа талаар тус намын Гүйцэтгэх хорооны дарга Хашем Сафиеддин Бейрут хотод болсон намын идэвхтнүүдтэй хийсэн уулзалтын үеэр мэдэгдсэнийг “Naharnet” мэдээллийн портал мэдээлжээ.

Шийтийн улс төрч тэрбээр “Зарим хүмүүс томоохон хэмжээний дайн болох уу, үгүй ​​юу гэж асуудаг, гэхдээ энэ асуултыг Америк, Израильд хандаж тавих ёстой, тэд л манай бүс нутагт ийм шийдвэр гаргаж байна” гэж хэлсэн байна.

Үүний зэрэгцээ тэрээр “Хезболла” заналхийллээс айдаггүй бөгөөд тэднийг эсэргүүцэхэд бэлэн байна гэж онцолжээ. Сафиеддин “Бид түрэмгийллээс сэргийлэх хатуу байр суурьтай байна. Учир нь Израиль аливаа сул дорой байдлыг шууд ашиглах болно” гэж хэлжээ.

Мягмар гарагийн байдлаар, Израилийн армийн анги нэгтгэлүүд баруун эрэг дэх хэд хэдэн хот руу дайран орсон талаар Катарын “Al Jazeera” телевизийн суваг мэдээлэв. Мөн тус суваг Хеброн хотод Израилийн арми байшин барилгуудыг нэгжиж, машинуудыг хураан авч, хот дотор хяналтын цэгүүд байгуулж буй талаар мэдээлсэн байна.

Үүний зэрэгцээ Израилийн цэргүүд Аль-Бира хотын Сатх Мархаба бүс болон Баруун эрэг дэх Наблусаас зүүн зүгт орших Дейр аль-Хатаб тосгон руу дайран оржээ.

Бейрутээс цацдаг “Al Mayadeen” телевизийн суваг Израилийн цэргийн нисэх онгоцууд Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотод цохилт өгсөн тухай мэдээлсэн байна. Түүний хэлснээр Рафах хотын Аль-Женина дүүрэгт агаараас халдлага үйлдсэн бөгөөд хүний ​​амь нас хохирсон эсэх талаар мэдээлэл байхгүй байгаа аж.

Үүнээс гадна Аль Маядины тэмдэглэснээр, Израилийн арми их буугаар Газын зурвасын төв хэсгийн бүс нутагт цохилт өгчээ. Израилийн арми Дейр эль-Балах тосгон руу дайрч, цөөнгүй хүний амь хохирсон байна.

Эх сурвалж: ALJAZEERA, TASS, CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу