Олон улсын сэтгүүлчдийн холбоо сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар нийтлэл гаргасныг орчуулж хүргэе.

Монголын мэдээллийн “Zarig.mn” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүхийг үл хүндэтгэсэн, худал мэдээлэл тараасан хэргээр арванхоёрдугаар сарын 4-ний өдөр баривчлагджээ.

Олон улсын сэтгүүлчдийн холбоо (ОУСХ) болон түүний Монгол дахь салбар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ) түүнийг нэн даруй суллахыг уриалж, цахим агентлагийг хаан, дуу хоолойг нь дарах гэсэн оролдлогыг шүүмжилж байна.

Арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Н.Өнөрцэцэгийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар дахь “Zarig.mn” редакцын оффисоос баривчилсаныг хэвлэл мэдээллийн ажилтнууд харсан.

“Facebook” хаяг дээрээ өндөр настантай холбоо бүхий шүүх хурлыг сунжруулж байгаа хүнлэг бус үйлдлийн талаар бичсэний дараа түүнийг Эрүүгийн хуулийн 13.14-т заасны дагуу худал мэдээлэл тарааж, шүүхийг үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр буруутгажээ.

Арванхоёрдугаар сарын 1-нээс 4-ний хооронд болсон сонсголын үеэр Сонгинохайрхан дүүргийн шүүх Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих прокурорын саналыг дэмжсэн байна.

Мөн үүнээс өмнө, арваннэгдүгээр сарын 29-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Өнөрцэцэгийг Монгол Улсаас гарахыг хязгаарлах, урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг баталсан.

Мөн “The Media Council and Globe International Centre”-ээс мэдээлснээр, Монгол Улсын хууль, захиргааны байгууллага “Zarig.mn” сайтыг хууль бус домэйний жагсаалтад оруулж, Монголоос хандах эрхийг нь хаасан байна.

Ерөнхий редактор болон сайтад нь хориг тавьсны дараа “Zarig.mn” редакцын ажилчид арван хоёрдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд суулт зарласан. МСНЭ-ээс Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, Дижитал хөгжил, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт шаардлага хүргүүлсний дараа арванхоёрдугаар сарын 4-ний өдөр “Zarig.mn” сайт руу Монголоос хандах эрхийг нь нээжээ.

Н.Өнөрцэцэгийг сүүлийн жилүүдэд сэтгүүлзүйн салбарт хийсэн ажлынх нь төлөө их онилох болсон. Нэр хүндэд халдсан гэх шалтгаанаар 2019 онд 19 зарга, 2020 онд дөрвөн зарга түүний эсрэг шүүхэд үүссэн байна. Эдгээр хэргийг улстөрчид мэдүүлжээ.

Шүүхийн процессын явцад ихэнх хэргийг амжилттай даваад гарсан ч Н.Өнөрцэцэгт 800 орчим ам.долларын торгууль ногдуулсан нь Монгол Улсад ажилладаг сэтгүүлчийн дундаж цалингийн хоёр сартай тэнцэх мөнгөн дүн юм.

Арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид сонсголд оролцож, түүнийг үндэслэлгүй цагдан хорьсон хэмээн, суллах хүсэлт шүүхэд гаргасан байна.

Мөн түүний өмгөөлөгчид мөрдөн байцаалтын явцад хуулийн зарим зүйл, заалт зөрчигдсөн байж магадгүй, мөрдөн шалгах ажиллагааг зориудаар хурдасгасан гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Хэвлэл мэдээллийн активистууд Монгол Улсын хууль сахиулах байгууллага, эрх баригчид Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг сэтгүүлчдийн мэргэжлийн үүргээ биелүүлэх чадварыг хязгаарлах зорилгоор ашиглан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, сэтгүүлчдийг яллаж байна гэж мэдэгдсэн юм.

2020 оны нэгдүгээр сарын 10-наас хэрэгжиж эхэлсэн тус заалтад худал мэдээлэл тараах талаар тусгаж, хэрвээ тараасан тохиолдолд торгууль, албадан хөдөлмөр эрхлүүлэх гэх мэт ял онооно гэжээ. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн цагаас хойш олон тооны сэтгүүлчид гэмт хэрэгт буруутгагдаад байгаа юм.

МСНЭ-ээс мэдээлснээр, 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг,
У.Уранцэцэг (Asu.mn),
А.Баярмаа (Tas.mn),
Ж.Баттуул гэх мэт 10 гаруй сэтгүүлчийг мөрдөн байцааж байгаа аж.

Ж.Баттуул “Цензургүй яриа” багийн сэтгүүлч. Тус баг одоогоор Монгол Улсад мөрдөгдөж буй Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон түүний шинэчилж болох найруулгын талаар судалж, мэдээлж буй. Ж.Баттуулын эсрэг Монгол Улсын УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гомдол гаргажээ.

МСНЭ мэдэгдэл гаргахдаа “Монгол Улсын газар нутгаас “Zarig.mn” сайтад хандах эрхийг хаах нь мэргэжлийн сэтгүүл зүй, хэвлэлийн эрх чөлөөний зарчим болон хэм хэмжээг илт зөрчсөн хэрэг. Редакцын үйл ажиллагааг зогсоон, компанийг нь битүүмжлэхийн зэрэгцээ компанийг удирдаж буй хүнийг л ганц гэмт хэрэг үйлдсэн хэргээр шалгах нь хэвлэлийн эрх чөлөө, иргэний мэдэх эрхэд хөндлөнгөөс оролцож буй явдал” гэсэн байна.

“Олон улсын сэтгүүлчдийн холбоо” Н.Өнөрцэцэгийг нэн даруй суллаж, Монгол Улсад ажиллаж буй сэтгүүлчдэд хөндлөнгийн саадгүй ажлаа гүйцэтгэх боломж олгож, хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг хангахыг Монгол Улсын эрх баригчдад уриалж байна” гэж мэдэгдлээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу