Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭХЭМҮТ-өөс өнөөдөр (2023.12.12) томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хурлаар холбогдох албаныхан томуу, томуу төст өвчний тархалт болон бусад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа “Томуу, томуу төст өвчний дэгдэлт улсын хэмжээнд идэвхжилийн үе буюу шар түвшинд байна. Булган, Хэнтий, Сүхбаатар, Дархан-Уул гэсэн дөрвөн аймаг улбар шар түвшинд байна.

Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгчдийн 5.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй. Эмнэлэгт хэвтэж байгаа 8610 үйлчлүүлэгчийн 22 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж байна.

Иргэддээ халдвараас урьдчилан сэргийлэх бүх төрлийн зөвлөмж, зөвлөгөөг сайтар дагаж мөрдөхийг уриалж байна. Мөн ковид-19 вирусийн халдвар байгаа учраас амны хаалтаа зүүж, гарын ариун цэврийг сайтар  сахихыг зөвлөж байна” гэлээ. 

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа “Хүүхдийн дархлаа янз бүрийн онцлогтой учраас сайн унтуулж, хооллон, хэт дааруулж, халууцуулахгүй байхыг зөвлөж байна. Мөн хүүхэд ханиад хүрсэн шинжтэй бол цэцэрлэг, сургуульд нь явуулахгүйгээр гэрт нь эмчилгээг хийж эмчээс зөвлөө авч, дааруулахгүй, сайн хооллож амраахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна” гэв.

Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварт өвчний өвчлөлийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.  

  • “Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин 2023 оны 48 дугаар долоо хоногийн байдлаар идэвхжилийн түвшинд байна.
  • Тус долоо хоногт амбулаториор 274,334 хүн хандаж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авснаас 15,330 (5.6%) нь томуу төст өвчинтэй (Улаанбаатар 5.4%, аймаг 5.7%) байж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7%-иар их, өнгөрсөн оны мөн үеэс 2.5%-иар бага байна.
  • Нийт 8610 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1902 буюу 22.1% (Улаанбаатар 28.5%, аймаг 17.2%)-ийг амьсгалын замын өвчлөлийн шалтгаантай хэвтэн эмчлүүлэгсэд эзэлж байна. Өмнөх долоо хоног болон өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.5-4.8%-иар өссөн байна. Өвчлөлийн түвшин идэвжлийн түвшинд байгаа ч эмнэлэгт хэвтэлт, хүндрэл харьцангуй өндөр байна.
  • Аймгуудын хувьд идэвхжлийн түвшинд 17 (өмнөх долоо хоногт-21), алаг цоог дэгдэлтийн түвшинд 4 (Булган, Хэнтий, Сүхбаатар, Дархан-Уул) аймаг байна.
    • Булган аймагт 16 сумдаас мэдээлэл авахад 1103 хүн амбулаториор үйлчлүүлсний 144 тохиолдол буюу 13.1%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Аймгийн төвд тухайн аймгийн мэдээлсэн өвчлөлийн 50.3% нь бүртгэгдсэн байна. Тэшиг сум (52.0%), Хялганат сум (42.1%)-д өвчлөл өндөр байна.
    • Хэнтий аймагт 21 сумаас 14 сум мэдээ ирүүлсэн ба 1,069 хүн амбулаториор үйлчлүүлсний 81 тохиолдол буюу 7,6%-ийг томуу төст өвчин эзэлж байна. Аймгийн төвд тухайн аймгийн мэдээлсэн өвчлөлийн 75.7% нь бүртгэгдсэн байна. Баян-Овоо сум (16.7%)-д бусад сумтай хаьцуулахад өвчлөл харьцангуй өндөр байгаа сумдад 12%-иас доош байна.
    • Сүхбаатар аймагт 12 сумдаас мэдээлэл авахад 1,165 хүн амбулаториор үйлчлүүлсний 188 тохиолдол буюу 16.1%-ийг томуу төст өвчин эзэлж байна. Аймгийн төвд тухайн аймгийн мэдээлсэн өвчлөлийн 69.4% нь бүртгэгдсэн байна. Хамгийн өвчлөл өндөр сум нь Эрдэнэцагаан сум 68.2% (148/101) байна.
    • Дархан-Уул аймагт төвд нийт өвчлөлийн 90 гаруй хувь нь бүртгэгдсэн байна.
  • томуу төст өвчинөөр өвчлөгсдийн дотор 85.2%-ийг 15, үүнээс 56.4%-ийг 4 хүртэлх насныхан, амьсгалын замын шалтгаантай хэвтэн эмчлүүлэгсдийн 91.4% нь 15 хүртэлх, үүнээс 80.0% нь 4 хүртэлх насныхан эзэлж байна.

Вирус судлалын тандалтын судалгаагаар:

  • ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн 176 сорьцонд шинжилгээ хийхэд 2 (1.1%) сорьцонд томуугийн А(H3N2) вирус, 9 (5.1%) сорьцонд SARS-CoV-2 вирус тус тус илэрсэн байна.
  • Дархан-Уул, Дундговь, Завхан, Баянхонгор, Ховд, Төв аймгийн салбар лабораториудад 97 сорьцод шинжилгээ хийхэд 27 (27.8%) сорьцонд амьсгалын замын синцитиалвирус, иж томуугийн вирус, SARS-CoV-2 вирус, аденовирус, метапневмовирус тус тус илэрсэн байна.

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын байдал:

  • Арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар улирлын томуугийн эсрэг вакцины хамралтын хувь 90.7% (272,177) байна. Орон нутагт 96.0% (139,144), нийслэлд 85.5% (132,698)-тай байна”

Иргэн та өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийн төлөө хувийн ариун цэврийг сайтар сахиж, дархлаагаа дэмжээрэй.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу