Томуу, томуу төст өвчний вирусийн дэгдэлт их байгаа энэ үед тус вирусээс хэрхэн сэргийлэх, мөн улбар шар түвшинд шилжсэн зарим аймгуудын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Байгалмаатай ярилцлаа. 

-Томуугийн тархалт ямар түвшинд явж байна вэ?

-Томуугийн улирал улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын эхээр эхэлсэн. Томуугийн тархалтын түвшинг тав ангилдаг. Тиймээс одоогоор идэвхжилтийн шат буюу хоёр дахь түвшиндээ явж байна.

-Томуугийн оргил үе гэж байдаг шүү дээ. Ихэвчлэн хэдэн сард илүү тохиолддог вэ?

-Томуугийн улирал жил бүр аравдугаар сарын дунд, арваннэгдүгээр сарын эхээр эхлээд, хамгийн оргил үе нь арванхоёрдугаар сарын сүүл нэгдүгээр сарын эхний 2-3 долоо хоног ажиглагддаг. Тэгэхээр өвчлөлийн нөхцөл байдал цаашдаа үргэлжлээд явна гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Амбулаториор үйлчлүүлж байгаа иргэд цөөнгүй байна. Эдгээр иргэд болон хэвтэн эмчлүүлж буй иргэдийн хэдэн хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн 5,6 хувь нь томуу, томуу төст өвчинтэй байна. Эмнэлэгт хэвтэж байгаа нийт хүний 22 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай, уушгины хатгаа буюу амьсгалын цочмог хүнд халдвартай байна.

-Бусад оронтой харьцуулахад манай улсын томуу, томуу төст өвчний тархалт хэр байна вэ?

-Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст байдаг улс орнууд Хятад, Япон, Солонгос гэх орнуудад манайхтай адил томуугийн улирал нь эхэлчихсэн байна. Эдгээр орнуудад ямар төрлийн вирус илэрч байна вэ гэдгийг бид тандаад явдаг. Тэгэхээр Монгол Улсын хувьд ч гэсэн эдгээр орнуудад бүртгэгдэж байгаа вирусийн ерөнхий тархалт нь ижилхэн явагдаж байна.

-Энэ жилийн тухайд хэчнээн төрлийн вирус хүн амын дунд ихээр бүртгэгдэж байна вэ. Түүнээс хэрхэн сэргийлэх вэ?

-Энэ жилийн томуугийн улирал өвөрмөц онцлогтой явагдаж байгаа нь ковидын халдвар, томуужгийн А хүрээний H3N2 вирус арваннэгдүгээр сарын дундаас эхлээд эргэлтэд орсон. Дээрээс нь таван өөр төрлийн вирус эргэлттэй байна. Нийтдээ долоон төрлийн вирус хүн амын дунд эргэлтэд орж, өвчлөл үүсгэж байна. Ялангуяа тав хүртэлх насны хүүхэд хүндэрч эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй байдаг. Эдгээр хүүхдүүд маань дахин өөр төрлийн вирусийн халдвар авч эргэж хэвтэн, орны ачааллыг нэмэгдүүлж байгаа дүр зураг харагдаж байна. Тэгэхээр эцэг эхчүүдийн хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, асаргаа сувилгаа асар чухал ач холбогдолтой. Мөн хүүхдүүдээ маш сайн унтуулах, хоол ундыг нь зөв зохицуулах, дааруулахгүй байх хэрэгтэй. Вирусийн халдварын өвөрмөц онцлог нь гэнэт цочмог өндөр буюу 38 хэм хүрч халуурдаг. Ингэсэн тохиолдолд эмнэлэгт үзүүлэхээс илүүтэй асаргаа дээрээ анхаарах хэрэгтэй. Мэдээж хоёр хүртэлх насны хүүхэд халдвар авбал хүндрэх эрсдэл өндөр байдаг. Хэрэв үнэхээр хүндрээд байвал эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

-Орны хүрэлцээ муу байгаа шүү дээ. Тэгэхээр заавал хэвтэн эмчлүүлэхгүйгээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Эрүүл мэндийн яамнаас хариу арга хэмжээ авч, амбулоторийн тусламж үйлчилгээг өргөжүүлж байна. Тэгэхээр хүмүүс заавал эмнэлэгт хэвтэхгүйгээр аль болох амбулаторийн тусламж үйлчилгээ авах, гэрийн асаргаа сувилгааг л сайн хийх хэрэгтэй байна.

-Хамгийн их эргэлттэй байгаа ямар вирус байна вэ? Ямар шинж тэмдэг түлхүү илэрч байна вэ? 

-Сүүлийн 48 дугаар долоо хоногийн байдлаар хамгийн түгээмэл илэрч буй буюу 27.8 хувьтай байгаа нь амьсгалын замын синтициал вирус байна. Энэ вирус томуугийн улиралд байнгын эргэлтэд байж байдаг. Энэ вирусийн халдвар хүүхдүүдэд илүү хүндрэх эрсдэлтэй байдаг. Шинж тэмдгийн хувьд харшлын шинжийн хуурай ханиалгадаг, бачуурах, хоолой өвдөх гэх мэтчилэн шинж тэмдэг илэрдгээрээ онцлогтой. Тиймээс дархлаагаа сайтар дэмжих ёстой. Мөн зөв асаргаа сувилгаа л хамгийн чухал.

-Ковидын өвчлөл хэр бүртгэгдэж байна вэ?

-Ковидын өвчлөл гадуур тасраагүй хэвээрээ байна. Энэ удаагийн томуу, томуу төст өвчний улирлын нөхцөл байдлыг аваад үзэхээр ковидын халдвар тодорхой хувиар бүртгэгдэж байна. Гэхдээ тийм их биш байна. Хамгийн их нь амьсгалын замын синтициал вирус, метапневмо вирус, адина гэх гурван вирус хамгийн түгээмэл байна. Томуугийн вирус идэвхжилд орвол хүндрэх эрсдэлтэй. Тэгэхээр хүүхдүүдийнхээ дархлааг сайтар дэмжиж, асаргаа сувилгаандаа анхаараач ээ гэдгийг эцэг эхчүүдэд хэлмээр байна. Насанд хүрэгчдийн хувьд олон хүн бөөгнөрсөн дотоод орчинд ковидын халдвар шиг томуу, томуу төст өвчин амьсгалын замаар дамждаг. Тэгэхээр нийт хүн амын хувьд дотоод орчинд орж ирэхдээ маскаа зүүх, гараа угаах нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн хэр нь үр дүнтэй арга байдаг.

-Улсын хэмжээнд улбар шар түвшинд шилжсэн аймаг хэчнээн байна вэ? 

-Булган, Дархан, Сүхбаатар, Хэнтий гэсэн дөрвөн аймаг улбар шар түвшинд шилжсэн. Энэ дөрвөн аймгийн ерөнхий өвчлөлийг сумдаар нь авч үзээд, хариу арга хэмжээний зөвлөмжийг өгсөн. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс бүх аймаг орон нутагтай цахим уулзалт хийж, томуугийн идэвхжилтийн түвшинд байгаа болон улбар шар түвшинд буй аймгуудад онцгойлон анхаарал хандуулах Эрүүл мэндийн сайдын 373 тоот тушаалын дагуу томуугийн идэвхжилтийн таван түвшнээс хамаарсан хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж, эрчимжүүлэх тал дээр анхаарч, зохион байгуулалттай сургалтууд хийж байна.

Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу