Шатахуун авахаар дугаарлаж байсан иргэн “Шатахуун өгсөнгүй” гэх шалтгаанаар түгээлтийн ажилтныг түлхэн унагааж, аарцгийн ясыг нь хугалсан талаар мэдээлэл цахим сүлжээнд тархсан билээ. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2023 оны арванхоёрдугаар сарын 10-ны 20 цаг 15 минутад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцад “Бусдад зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэйн зүгээс шатахуун дуусаж байгаа тул түгээлтээ зогсоож байгаа талаар дараалал үүсгэн зогсож байсан иргэдэд мэдээлэл хүргэхэд шатахуун авхаар дугаарлаж байсан тээврийн хэрэгслийн жолооч, 29 настай, эрэгтэй яагаад бензин өгөхгүй зогсоож байгаа юм бэ гэх шалтгаанаар биед нь халдаж түлхэн унагасан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хохирогч эмэгтэйн биед гэмтэл учирсан эсэхэд шинжилгээний байгууллагад шинжээч томилсон бөгөөд одоогоор шинжилгээний дүгнэлт гараагүй байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу