Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр (2023.12.12) болж, намын бүртгэлтэй холбоотой дараах өргөдлүүдийг буцаажээ.

Тодруулбал, иргэн Д.Амартүвшингээс ирүүлсэн “Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” өргөдөл, холбогдох баримтыг буцаахаар шийдвэрлэсэн байна.

Улс төрийн намын тухай хуульд “Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна, “намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /үүнд, овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг/” гэж тус тус заасан бөгөөд уг шаардлагыг хангаагүй бол бүртгэхээс татгалзахаар зохицуулсан.

Д.Амартүвшингийн өргөдөлд хавсарган ирүүлсэн 801 гишүүний мэдээллийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сантай тохирч байгаа эсэхийг шалгуулахад ургийн овог, овог, нэр зөрсөн болон буруу бичигдсэн 32, регистрийн дугаар буруу болон зөрсөн 50 байхаас гадна 163 иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй, дутуу байжээ.

Мөн улс төрийн намын давхар харьяалалгүй байх талаарх нотломжийг  шалгахад 18 иргэний өөр өөр гарын үсэг бүхий нотломжийг давхардуулан ирүүлсэн, зарим нэрс нь 801 гишүүний бүртгэлтэй тохирохгүй зэрэг нөхцөл байдал илэрсэн байна.

Хуралдаанаар “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга болон цахим хаяг өөрчлөгдсөн болохыг бүртгүүлэх” өргөдлийг мөн хэлэлцжээ. Тус нам нь өмнөх зөрчлөө арилгаагүй дахин хандсан байх тул Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу