Хүүхдийн харилцаа хандлагын асуудал нийгмийн анхаарвал зохих асуудал мөн. Гэхдээ бид хичээл номдоо сайн, даруу төлөв, найзынх нь хүүхдээс илүү гарахгүй ч дутуу биш, сайхан сэтгэлтэй иргэн бэлтгэхийг л зорьдог. Энэ нь цаагуураа хүүхдэдээ харгис хатуу хандаж, түүнийг хүчирхийлж байгаа хэлбэр юм.

Монгол Улсын хүн ам 3.4 сая ба нийт хүн амд 18 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 36.2 буюу 1.2 сая хүүхэд амьдардаг. Эдгээрийг тийм ийм гэж хэлж ялгах гэсэнгүй бөгөөд хүүхдэдээ хандуулах бидний анхаарал нийгмээрээ сулраад байгааг анхааруулах гэсэн юм.

Өчигдөрхөн гэхэд сургуулийн орчиндоо ахуйн газ үнэртсэн байж болзошгүй сурагчдыг шалгаж, мэдүүлэг авч байгаа мэдээлэл цацагдлаа. Юуг ч, хэзээ ч сонирхож болно. Гэхдээ сэтгэц, эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээний үйлдэл гаргаж байвал ямар нэг зүйлээр хэт дутсан нь ойлгомжтой. Хүмүүжил үү, анхаарал уу?

Таны хүүхэд хэний хүүхэдтэй нийлж, ямар зүйл сонирхож байгааг мэдээгүй юм биш биз. Бид ажил төрөл, цалин мөнгө, өр зээл, бензин шатахуун, төрийн их хулгай гээд их л бухимдалтай, бужигнасан нийгэмд аж төрж байна. Ингэхдээ өдрийн харилцааныхаа ихэнх хувийг гар утсандаа зарцуулдаг нь худал биш.

“Төрүүлээд өсгөөд өглөө, одоо сайн сураад санааг минь амраагаад өг, ачийг минь хариулаад өг” гэх шиг бидний шаардах зүйл хэрээс хэтэрсэн ч байж мэднэ. Нэгэн үе хүүхдийн хүмүүжлийг суран тэлээний ормоор, харцаар удирдаж, өнөөх нь ч цаагуураа хайр нь дотроо хал нь гаднаа гэдгийг мэдрүүлдэг байжээ. Харин одоо нийгэм ч өөр, хүүхдийн ухамсар ч өөр. Тэдэнд ярилцаж ойлголцох, хамгийн дотно зөвлөгч найз нь мэт байх харилцаа харьцангуй үр дүнтэй байж мэднэ.

Энэ талаар Монгол Улсын Боловсролын их сургуулийн харъяа Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч О.Цэцэгдарь дараах зөвлөгөөг хэлсэн юм.

“Хүүхэд бүр нээлттэй байх албагүй шүү дээ. Тэд өөрсдийн хүссэн харилцаанд орох эрхтэй. Харин эцэг эх, асран хамгаалагчийн хувьд зөвхөн эд материал, байр орон, өмсөх хувцсаар халамжлах бус сэтгэл зүйн хувьд хийж болох бүхий л харилцааг бий болгох хэрэгтэй. Дуртай зүйлийг нь хамт хийх, сайн найзынх нь тухай ярилцах, гэр бүлийнхээ тухай дурсамж болон ирээдүйн талаар төсөөлөх гэх мэт маш олон арга зам байдаг. Тухайн сурагч ямар нэг шалтгаанаар сэтгэл зүйн хямралд орлоо гэхэд хамгийн түрүүнд анзаарч мэдэхийг хичээх хэрэгтэй. Хэрэв анзаарахгүй бол хүүхэд байдлыг улам бүр хүндрүүлэн өөртөө хүлээж авсаар байх болно.

Гэр бүлийн орчинд мэдээж яриулах нь хамгийн чухал алхам. Хүсвэл сурагч өөрөө сэтгэлзүйгээ тайвшруулах ч боломжтой. Сүүлийн үед түгээмэл болоод буй урлагаар тайвшруулах аргууд мөн бий. Дуртай дуугаа сонсох, усан будгаар зураг зурах, шавар баримал хийх, ууланд алхах, тэмдэглэл хөтлөх гэх мэт олон арга байдаг. Мэдээж тухайн хүүхэд эхний алхмыг өөрийнхөө сонголтоор хийж, түүний дараа багш, эцэг эх туслах ёстой.

 

Бүх зүйлийг сургуулийн орчинд даатгаад үлдээх нь буруу хандлага. Сургуулийн орчин хэдий сайхан, найз нөхөд нь ч ойлгодог байлаа гээд гэртээ хариад, дуугаа хурааж ганцаарддаг бол асуудал үүсээж эхэлж байна гэсэн үг. Мэдээж сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч аль болох бүх хүүхдэд хүрч ажиллахыг хичээдэг. Сургалтын хөтөлбөрт тодорхой хичээл сургалт, арга хэмжээг түлхүү тусгаж, нийгмийн болон сэтгэл зүйн асуудлыг шийдэхийг эрмэлздэг. Гэвч эцэст нь ар гэрийн, найз нөхдийн харилцаа хүүхдийн сэтгэлзүйд хамгийн их нөлөөлдөг. Тийм учраас эцэг эхчүүдийг хүүхдэдээ ажлаасаа, гар утаснаасаа, асуудлаасаа илүү цаг зарцуулаасай гэж хүсэж байна” гэлээ.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зүгээс үйлдэгдсэн байна. Хүүхдийн тусламжийн утсанд өнгөрсөн 2022 онд 117000 дуудлага мэдээлэл, энэ 2023 оны есөн сарын байдлаар 78310 дуудлага, мэдээлэл хүлээн авсан.

Эндээс харахад тэд яалт ч үгүй таарч тохирохгүй, өөрийг нь ойлгохгүй байгаа учраас л гэрээс гадуурх орчинд бухимдлаа илэрхийлж байна. 

Нэг ангийн 30-40 хүүхдэд нэгжлэг хийхэд 10-20 ширхэг электрон тамхи гарч ирж байх жишээтэй. Тэд аль нэг газрын хашааны буланд тав арваараа тамхи татаж, хараал хэлж нэгнээ дээрэлхэх тохиолдол хаа сайгүй гарч байна.

“2023 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 120 мянгатад байрлах 12 давхар орон сууцнаас өсвөр насны хоёр охин үсэрч, амиа хорлосон ноцтой хэрэг бүртгэгдсэн. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас шалгахад 16 настай “Н” “Г” нар тус барилгын дээврээс унаж. амиа алдсан байдалтай өглөөний 9:10 минутад олдсон байдаг”

Хамгийн сүүлд гэхэд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороонд нэгэн сурагч 15 давхар барилгын дээврээс үсэрч, тус барилгын худалдаа, үйлчилгээний зориулалттай өргөтгөл дээр унаж нас барсан харамсалтай хэрэг мөн гарсан. Гэх мэтчилэн биднийг айдаст автуулсан хэргүүд ар араасаа гарсаар л байна.

Хажуудаа байгаа үрсээ хайрлаж халамжлахыг анхааруулсаар байхад хичээл сургуульд нь л явуулчихвал болно гэсэн хандлагаар хэр удаан амьдрах вэ. Нэг л өдөр таны хүүхэд таны танихгүй хүн шиг болж тусгаарлагдсан байх вий.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид хүүхдийн өдөрт интернэтэд зарцуулах хугацааг 120 минутаас ихгүй байлгахыг зөвлөдөг. Гэвч 13-18 насны хүүхдийн нийгмийн сүлжээ ашиглахад зарцуулж буй дундаж цаг 231 минут байна. Тэд хийх хичээлгүй, сонирхдог зүйлгүйдээ ийм их цаг цахим орчинд өнгөрөөдөггүй байх. Ганцаардаж, ярилцах хүн хайж, гэр бүлийнхээ асуудлаас ангижрах гэж тэнд байсаар л байж мэднэ.

Өнгөрсөн нийгмийн хүмүүжлээр одоогийн хүүхэд багачуудыг хүмүүжүүлэх боломжгүй болж хувираад байна. Эцэг эхчүүд бидэнд ч сэтгэлзүйн боловсрол мэдлэг хэрэгтэй болж. Нийгмээс харж болох олон хар бараан дүр зургийг бичилгүй үлдээе.

Автобусанд нойроо дийлэхгүй унтаж байгаа хүүхэд, байрны саравчинд ганцаараа тамхи татаж байгаа хүүхэд, хэн нэгний өөдөөс хашгирч, бачуурч, уурлаж байгаа хүүхэд хүссэндээ тийм үйлдэл гаргаагүй. Тэднийг сэтгэлд нь бугласан нэг зүйл дотроос нь хатгаж, өөрийг нь зовоож байгаа учраас л юу хийхээ мэдэхгүй байгаа юм. Та дүүдээ, хүүхдэдээ туслаарай. Гэрэл гэгээтэй ирээдүй байгаа хэдий ч нийгэм маань яг одоо бол хар бараан байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу