Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан. Ингэхдээ шүүхээс “Түүнийг мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан” хэмээн тайлбарласан. Улмаар Н.Өнөрцэцэгийг энэ сарын 5-нд ажлын байрнаас нь баривчилж, цагдан хорих 461-р ангид хориод буй юм. 

Үүний дараа өмгөөлөгч нар нь Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлуулах гомдлыг шүүхэд гаргасан. Шүүх хурлыг өнгөрсөн Баасан гарагт буюу энэ сарын 8-нд хийхээр товлосон боловч прокурор шүүгчээс татгалзсанаар шүүх хурал хойшилсон юм. Улмаар өнөөдөр (2023.12.12) Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлөхгүй гэж шүүх шийдвэрлэжээ. Тиймээс өмгөөлөгч нар нь Ерөнхий шүүгчид гомдол гаргах аж.

Түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр “Н.Өнөрцэцэгт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхгүй гэж шүүх үзлээ. Хоёр өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг авч хэлэлцсэнгүй. 

Бага насны хүүхдийг асран хамгаалахтай холбоотой хүүхдийн эрхийн зөрчил гарч байгаа. Мөн түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэж Ерөнхий шүүгч үзсэн нь холбогдох баримтуудаар арилсан. Өөрөөр хэлбэл, Н.Өнөрцэцэг өнгөрсөн өдрүүдэд мэдүүлгүүдээ байнга өгөөд явсан гэж үзлээ. Гэхдээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхгүй гэж байна. Тиймээс өмгөөлөгч нарын зүгээс дахин гомдол гаргана. Бид Н.Өнөрцэцэгтэй уулзаж байгаа. Биеийн байдал нь сайнгүй байна” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу