Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 10340 сая квт цаг. Үүнээс 21 хувь буюу 2161 сая квт цаг эрчим хүчийг импортоор авдаг. Жил бүр 160 сая ам.долларыг ОХУ болон БНХАУ-д төлж байгаа ба цаашид энэ өртөг нэмэгдсээр байх  нь. Улсын хэмжээнд өнөөдөр найман Дулааны цахилгаан станц ажиллаж байна. Суурилагдсан хүчин чадал нь 1264 меггават. 

ОХУ Монгол Улсад нийлүүлдэг цахилгаан эрчим хүчний хэмжээгээ хоёр дахин бууруулах болсон талаар мэдээлсэн. Учир нь Монгол Улсад эрчим хүч экспортолдог “Сибирийн эх үүсвэрт хоёр гэмтэл гарсан тул засварын ажил дуустал Монгол Улсад нийлүүлдэг эрчим хүчийг 50 хувиар бууруулна” гэжээ. 

Монгол Улсын нэг өдрийн эрчим хүчний хэрэглээ 1545 Мвт бөгөөд үүний 310 мегаватыг ОХУ-аас импортолдог. Импорт 50 хувиар буурч байгаа тул тодорхойгүй хугацаагаар хэмнэлтээс хязгаарлалтын горимд шилжих шаардлага үүсэж байна. Нөхцөл байдал хүндэрвэл улсын хэмжээнд эрчим хүчний хязгаарлалтыг бүсчлэн сөөлжүүлэх байдлаар зохицуулалт хийх юм. 

Эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр (2023.12.13) үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахаар ОХУ-ыг зорьжээ. Учир нь цаашид үүссэн асуудлаасаа шалтгаалан 150 МВт-аас ч доош болгон хязгаарлаж магадгүй хэмээн мэдэгдсэн аж.

Гаднын орноос тал илүү хувь нь хамааралтай цахилгаан эрчим хүчний асуудал жилийн жилд хоолойд тулдаг. Гэвч баригдаж буй, баригдах гэж буй цахилгаан станц, төсөл, хойд урд хөршийн хөнгөлөлт, боломж судлахаас өөр зүйлийг Эрчим хүчний яам хийсэнгүй. 

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй талаар  мэдэгдэв.

Хоёр улсын Засгийн газар хоорондын комисс энэ асуудал дээр цаашид үргэлжлүүлэн ажиллах ажээ. Үүнд шаардлагатай бүхий л арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгасан байдаг.

Шатахууны одоогийн байдлаа харахаар, “Ойрын үед хязгаарлахгүй” гэж ганц өгүүлбэр хэлээд л биелчих асуудал биш бололтой. Хэн нь үнэн хэлж, хэн нь худал ажил хийж байгааг мэдэх арга алга.

Ямар сайндаа л  улстөрчид нь хулгайчаа барих гэж жил тойрон сонсгол хийж байх хооронд иргэд нь шатахуун ч үгүй, цахилгаан ч үгүй өвөлтэй нүүр тулчихаад, автобус хүлээн дагжиж зогсох вэ дээ.

Одоо бидэнд “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гээч нь тохиолдож байна уу гэлтэй. Яг одоогийн нөхцөлд хаашаа ч харсан ямар ч аргагүй учраас дор бүрнээ эрчим хүчээ хэмнэж, хэрэглээгээ багасгах ганцхан сонголт л үлдэж байна. 

Улсаараа тог цахилгаангүй болох эрсдэлээс бага ч болов ангижрахын тулд айл гэр, албан байгууллага бүр хэсэгтээ хэрэглээний хэмнэлт хийхээс өөр аргагүй бололтой. Дараах багахан хэмнэлтийн жишээг танд зөвлөж байна. 

  • Цахилгаан шатнаас аль болох татгалзах нь эрүүл мэндэд тустай
  • Агааржуулагч ажиллуулж байгаа бол цонхоо хаах
  • Угаалгын машиныг бүрэн ачааллаар нь ажиллуулж байх
  • Шүршүүрт орох хугацаагаа багасгах
  • Цахилгаан хэрэгслийг үр ашигтай, хэмнэлттэйгээр ашиглаж хэвших
  • Ашиглаагүй цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж занших
  • Компьютер, мониторыг “energy saving“ горимоор ажиллуулж, ажлын бус цагаар унтрааж хэвших Жилд нэг компьютерээс 172кВт.ц = 26500 төг
  • Ажлын бус цагаар хэвлэгчийг унтрааж хэвших Жилд нэг хэвлэгчээс 108кВт.ц = 16600 төг
  • Ажлын бус цагаар хувилагчийг унтрааж хэвших Жилд нэг хувилагчаас 108кВт.ц = 41600 төг
  • Аль болох байгалийн гэрлийг ашиглаж, ажлын бус цагаар гэрлээ унтрааж хэвших Жилд нэг гэрэлтүүлгээс 200кВт.ц = 30800 төг
  • Хөргөгч, богино долгионы зуух, ус буцалгагч, кофе чанагчийн хувьд эрчим хүчний А+ болон түүнээс дээш ангиллынхыг сонгох гэх мэт. Энэхүү ангилал нь эрчим хүчний хэмнэлтийн зэргийг илэрхийлдэг.

Шатахууны ч хараат, цахилгааны ч хараат Монгол Улсад хойд хөрш маань цахилгаан станцаа хэзээ засварлаж дуусна тэр үе хүртэл хэмнэж, тэсэхээс өөр арга алга шив, Б.Чойжилсүрэн сайд аа. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу