Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй талаар  мэдэгдлээ.

Хоёр улсын Засгийн газар хоорондын комисс энэ асуудал дээр цаашид үргэлжлүүлэн ажиллах ажээ. Үүнд шаардлагатай бүхий л арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгажээ.

Сануулахад, Эрчим хүчний сайд Х.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулахдаа “Өчигдөр (2023.12.12) 16.00 цагт ОХУ-ын талаас аман болон бичгээр цахилгааны асуудлаар мэдэгдэл гаргасан. Тодруулбал, ОХУ-аас авдаг импортын цахилгааны чадлыг 345МВт авах боломжтой байсныг 150МВт хүртэл хэмжээнд болгож багасгах болсон.

Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, ОХУ-ын нэр бүхий цахилгаан станцад гэмтэл гарсан, одоогоор ашиглалтад ороогүй ба хэзээ ашиглалтад орох тухай тодорхой мэдээлэл өгөөгүй.

Хоёрдугаарт, 2023 онд нэр бүхий цахилгаан станц дээр 500 МВт хүчин чадалтай хоёр блокт шинэчлэл хийж байсан нь одоогоор ашиглалтад ороогүй байна. Эдгээр шалтгаанаас үүдэн ОХУ цахилгаан эрчим хүчний дутагдалд орсон байна.

Ийм учраас маргаашаас эхлээд цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүй болсон. Холбогдох албаныхан газар дээр нь очиж асуудлыг тодруулахаар хөдлөөд байна” хэмээн мэдээлсэн билээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу