Бидэнд нийтлэг тулгардаг арьс арчилгаа болон бикини вакс, сормуус зэргийг хэрхэн хийдэг болох, юунд голчлон анхаарах хэрэгтэй байдаг талаар гоо зүйн зөвлөгөө өгөх үүднээс гоо сайханч Э.Цэрмаатай ярилцлаа. 

-Таны хувьд гоо сайхны салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Би гоо сайханчаар 10 гаруй жил ажиллаж байна. “Amanda beauty” салон маань жилийн өмнө байгуулагдсан. Байгуулагдсан цагаас нь эхлээд ажиллаж байна.

“Сормуус суулгуулахдаа артисттайгаа сайтар ярилцах хэрэгтэй”

-Сүүлийн үед охид бүсгүйчүүд сормуус ихээр хийлгэх болсон шүү дээ. Сормуус хийлгэхдээ юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Сормуус маш олон төрөл байдаг. Хүмүүсийнхээ нүднээс хамаарч ямар ч аргаар хийж болно. Жишээлбэл, 3D, 2D, классик, хар, бор, урт богино гэх мэт янз бүрийн төрөл байдаг. Тухайлбал, бөөрөнхий нүдтэй хүнд арагш нь уртаар уусгаж хийвэл маш гоё харагддаг. Хэрэв урт нүдтэй бол хоёр талаас нь богинохноор уусгавал гоё харагддаг. Мөн хөгшин хүнд мэдээж хар сормуус зөвлөдөггүй. Харин энгийн натурал харагдахаар бороор хийлгэхийг зөвлөдөг. Тэгэхээр хүмүүсийнхээ нүдийг хараад, юу хүсээд байгааг нь маш сайн ярилцаж сонсох хэрэгтэй. Ярилцахгүйгээр хийхээр энэ нь эргээд асуудал болдог. Хүмүүс фэйсбүүк юм уу зургаас  хараад, “Би ийм сормуус хийлгэнэ” гээд бариад ирдэг. Хийж болно. Гэхдээ тэр хүний нүдэнд зохихгүй байх магадлалтай. Тиймээс л сормуус артисттайгаа ярилцах хэрэгтэй.

-Зарим хүмүүс сормуусыг зовхи руу нь хатгаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг учраас зовхинд нь суулгадаг гэж боддог. Сормуусыг хэрхэн суулгадаг юм бэ?

-Артистаасаа хамаарч мэдрэмж нь өөр байдаг байх. Нэг ширхэг сормуусыг нэг ширхэг сормуус дээр нь наадаг. Тэгэхээр зовхинд биш, арьснаасаа бага зэрэг хөндий наана гэсэн үг. Манай үйлчлүүлэгчдийн тухайд сормуус хийлгэснээс сарын дараа нөхөлтөө хийлгэдэг. Тэгэхээр нэг хийлгэхэд 30-45 хоногийн хооронд сормуус маань байна гэж үздэг.

-Сүүлийн үед ямар сормуус тренд болж байна вэ?

-Сүүлийн үед хар, бор сормуус тренд болоод байгаа. Ялангуяа 40-өөс дээш насныхан богиноор өөрийн юм шиг натурал харагдахыг илүү эрхэмлэдэг. Охид бол маш урт, өтгөн хийлгэдэг. Манайд урт нь гэвэл 14, 15-аас эхлээд доошоо явдаг.

“Арьсны баланс алдагдсанаар арьсанд асуудал үүсдэг”

-Хүмүүсийн гадаад төрхөд ихээхэн нөлөөлдөг зүйл бол мэдээж арьс шүү дээ. Арьс арчилгаа талаас зөвлөгөө өгөхгүй юу?

-Хүний арьс буруу арчилгаа, цаг агаарын уур амьсгалаас болоод эмзэг, мэдрэмтгий болдог. Үүнийг чийгийн баланс дутагдах гэж ярьдаг. Чийгийн баланс дутагдаад ирэхээр хуурай, эмзэг, тослог болж, хүний арьс өөрчлөгдөж эхэлдэг. Тиймээс маш сайн чийгшүүлэх хэрэгтэй. Ингэснээр хөгшрөлт, хуурайшилт, нүхжилт бага явагдана.

-Арьсны баланс алдагдахаас хэрхэн сэргийлж болох вэ?

-Үүнээс сэргийлэх энгийн арга гэвэл өдөр бүр маск тавьж болно. Мөн долоо хоногт нэг удаа цэгэн массажид орох хэрэгтэй. Ингэснээр чийгшихээс гадна арьсны эд эс сэргэдэг.

-Нүүрэндээ массаж хийлгэх нь хэр үр дүнтэй байдаг вэ?

-Маш залуугаасаа массажид ордог байсан хүн, огт массажид ордоггүй байсан хүний арьс тэс өөр, тэнгэр газар шиг ялгаатай байдаг. Тийм болохоор аль болох гар массажид орохыг хүмүүст зөвлөдөг. Ингэснээр цусны эргэлт сайжирч залууждаг. Үүнийг гэртээ ч хийж болно. Бүр болохгүй бол өдөрт нэг ширхэг маск тавих хэрэгтэй. Хэтэрхий хуурайшилттай арьсыг харахад гундаад, үхжээд эхэлчихсэн байдаг. Түрхсэн бүтээгдэхүүн нь барзайгаад, таарахаа байчихдаг. Нэг сарын хугацаанд юу ч хүргээгүй арьс харахад шууд мэдэгддэг.

-Тослог арьстай хүн юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Тослог мөн адил чийгээс, хүнийхээ арьснаас хамаардаг. Миний хувьд тослог арьсанд мөн адил чийг сайтар өгөхийг л зөвлөдөг.

-Хамгийн арчилгаа ихтэй арьс ямар арьс байдаг вэ?

-Холимог арьс юм. Мөн эмзэг, хуурай арьс байдаг. Хэтэрхий эмзэгшсэн арьстай болсон бол мэргэжлийн арьсны эмчид ханд гэж л зөвлөдөг. Хэрэв баланс нь алдагдсан бол арьсанд тохирох чийгшил өгөх хэрэгтэй.

-Арьсны бас нэг асуудал бол батга болон идээт үрэвсэл байдаг. Хэрэв цагаан батга гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Цагаан батга нь дотроо маш олон янз байдаг. Дотроосоо, хуурайшилтаас байж болно. Ихэвчлэн манайхан хуурайшилтаас үүддэг гэж ойлгоод байдаг. Эмэгтэйчүүд, стресс, ходоод, компьютерын хороос үүдэлтэй байж болно. Ихэвчлэн хуурайшилт, ядаргаанаас үүдэн гардаг. Идээт үрэвслийн хувьд мэдээж хэрэг ходоод, эмэгтэйчүүд, гаднын бохирдол гэх мэт олон шалтгаанаас үүддэг. Хэт идээт үрэвслийг мэдээж мэргэжлийн эмчид хандаж, эмчлүүлэх шаардлагатай.

-Хүмүүсийн дийлэнх нь хамрын хар батгатай байдаг. Үүнийг хэрхэн арилгах вэ?

-Хамрын хар батганд арьсыг чийгшүүлж, нүх агшаах зүйл л сайн хэрэглэх хэрэгтэй. Миний хувьд шахаад бай гэж зөвлөдөггүй. Тиймээс нүх агшаах зүйл л сайн хэрэглэх хэрэгтэй. Яагаад гэвэл шахах тусам улайгаад, нүх нь томроод байдаг. Сүүлийн үед лазериар үүнийг шийддэг болчихсон. Чийгийн баланс тэнцвэржээд ирэхээр аяндаа нүх нь багасаад ирдэг.

-Хүний царай төрхөд овор нэмдэг нэг зүйл яахын аргагүй нүдний уутанцар гэж боддог. Энэхүү уутанцар үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ? Нэгэнт уутанцар үүссэн тохиолдолд яах хэрэгтэй вэ?

-Нүдний уутанцар үүссэн тохиолдолд зовхины маск маш сайн хэрэглэх хэрэгтэй. Энэ нь уутанцар үүсэхээс өмнө сэргийлдэг. Хэрэв уутанцар үүсчихсэн тохиолдолд мэсийн аргаар авдаг. Тиймээс уутанцар үүсэхээс нь өмнө маш сайн арчлах хэрэгтэй.

-Гэрийн нөхцөлд хэрхэн арчлах вэ?

-Гэрийн нөхцөлд маск тавих, мөсийг долоо хоногт 1-2 удаа тавихад гэмгүй. Ингэснээр арьс маш сайн чангардаг. Гэхдээ мөсийг олон удаа тавибал хялгасан судсыг гэмтээдэг. Манайхан мөсийг сайн гэж шуналтаад, өдөр болгон тавих гээд байдаг. Ингэснээр хялгасан судас гэмтэж, улайлт үүсдэг.  

“Вакс хийлгээгүй эмэгтэй хүн бизнесийн хамтрагчаа алддаг”

-Эмэгтэйчүүдийн хамгийн их санаа зовдог зүйлсийн нэг нь илүүдэл үс. Илүүдэл үснээсээ хэрхэн салах вэ?

-Вакс одоо тренд болж байна. Вакс хийлгээгүй эмэгтэй бизнесийн хамтрагчаа алддаг. Тэгэхээр эмэгтэйчүүдийг вакс хийлгэхийг зөвлөдөг. Вакс нь дотроо маш олон төрөл байдаг. Энэхүү олон төрлөөс гоо сайханчид сонгон, туршиж үзэж байгаад, сонгож авч хэрэглэдэг. Гэрийн нөхцөлд халаадаг ваксаар бикини хийх маш хэцүү. Үүнийг баргийн эмэгтэй хийж чадахгүй. Тэгэхээр мэргэжлийн хүнд хандаж хийлгэх нь хамаагүй амар байдаг. Чаддаггүй хүн үсний ширхэгийг буруу татсанаас болоод үрэвсэх гээд байдаг.

-Вакс хийлгэсний дараагаар үсний ургалт багасаж, шингэрдэг үү?

-Жишээлбэл, надаар вакс хийлгэсэн хүмүүсийн ихэнх нь дахин үс ургахдаа зөөлөн, бага хэмжээтэй, шингэн ургаж байна гэдэг. Харин эсрэгээрээ зарим нэг хүмүүс дээр арьсныхаа онцлогоос хамаараад ширүүн ургах тохиолдол ч байдаг. Тэр маш ховор. Вакс нь үсийг шингэрүүлж өгдөг. Вакс хийлгэсэн эмэгтэй хүн маш гоё эмэгтэйлэг харагддаг.

-Вакс хийлгэх гоо зүйн талаасаа ямар ач холбогдолтой вэ?

-Миний хувьд гоо сайхны салбарт ажиллаад 10 гаруй жил болж байна. Вакс хамгийн  гоё үйлчилгээ гэж хэлнэ. Вакс хийлгэсэн эмэгтэй хүн өөртөө маш их итгэлтэй болдог. Ялангуяа бикини вакс хийлгээд, өөртөө бүр илүү итгэлтэй болдог. Жолооч нараар яривал машинаа угаалгаад гарахаар маш гоё, хөнгөн мэдрэмж төрдөг дөө, яг тийм мэдрэмж төрдөг. Үс бол гоо зүй, ариун цэвэр талаасаа тийм ч таатай зүйл биш.

-Анх удаа вакс хийлгэх гэж байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Туршлагатай, мэргэжлийн хүнээр чанартай вакс хийлгэх хэрэгтэй. Яагаад гэвэл туршлагагүй хүн олон татах, арьс гэмтээх аюултай. Үүнээс үүдэн хүмүүс дахиж вакс хийлгэх сэдэлгүй болчихдог. Тиймээс судалж байгаад, туршлагатай, зөөлөн гартай хүнээр чанартай вакс хийлгээрэй гэж үйлчлүүлэгч нартаа зөвлөмөөр байна.

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу