Татвар төлөгч бидний түгээмэл асуудаг энэхүү асуултад Татварын ерөнхий газар хэдийнэ хариулжээ. Өөрөөр хэлбэл, татварын шинэчлэлийн хүрээнд татварын алба 100 хувь цахимжиж, татвар төлөгчид татварт танил хайх шаардлагагүй болсон гэсэн үг.

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал өнгөрсөн Мягмар гараг (2023.12.12)-т том сегментийн татвар төлөгчдийн төлөөлөлтэй уулзаж, татварын соёлыг дэлгэрүүлэх, татварын үйлчилгээг төгөлдөржүүлэх чиглэлээр санал солилцохдоо энэ талаар онцолсон юм.

Цахимжилт нь хууль тэгш, шударга хэрэгжих үндэс билээ.

Монголын татварын алба 2020 оноос хууль эрх зүй, цахимжилт, үйлчилгээний шинэчлэлийг хэрэгжүүлэн ажиллаж буй. Энэхүү шинэчлэлийн үндсэн зорилго нь татвар төлөгч татварын хуулийг сайн дураараа даган мөрдөх явдлыг нэмэгдүүлэх замаар төсвийн тогтвортой байдал бий болгох юм.

Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд татварын ачаалал буурч, цахимжилтын үр дүнд татварын үйлчилгээ хүнд сурталгүй, энгийн, хялбар болж, татварын хууль биелүүлэхтэй холбоотой иргэн, аж ахуй нэгж (ААН)-ийн зардал буурч, цаг хугацаа хэмнэгдсэн зэрэг татварын бааз суурийг тэлж, далд эдийн засгийг бууруулж буй нь сайшаалтай.

“Tax culture” санал солилцох уулзалтын үеэр Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал иргэн, ААН-ийн татварын хуулийг сайн дураар даган мөрдөлтийг сайжруулах нь Монголын татварын албаны үндсэн зорилго бөгөөд үүнд чиглэж, татварын шинэчлэлийг хийснээ онцоллоо.

Тэрбээр “Иргэн, аж ахуйн нэгжийн татварын хуулийг сайн дураараар даган мөрдөлтийг нэмэгдүүлэх замаар төсвийн тогтвортой байдал бий болгох алсын хараатайгаар татварын шинэчлэлийг хийлээ” гэж хэлсэн юм.

“Tax culture” арга хэмжээнд оролцсон том сигментийнхний төлөөлөл болсон “Номин холдинг” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал С.Хосбаяр татварын үйлчилгээг богино хугацаанд бүрэн шинэчилж, хөнгөн шуурхай, санхүүгийн салбарынханд ээлтэй болгож байгаад талархлаа илэрхийлэв.

“АПУ” ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг бүх нийтийн татварын боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллах санаачлага дэвшүүлсэн юм. Тэрбээр “Татварын хууль тэгш хэрэгжих хамгийн гол суурь нь эдийн засгийн харилцаанд оролцогч талууд татварын тухай мэдлэг, мэдээлэлтэй, цахим системтэйгээ харилцах чадвартай байх” гэж онцолсон юм.

ТАТВАРЫН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭ 100 ХУВЬ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖИВ

Татварын шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий газар татварын эрх зүйн орчин, татварын албаны дотоод болон гадаад үйл ажиллагааны шинэчлэлд онцгойлон анхаарлаа хандуулжээ.

Татварын эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд татварын алба нэгд, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжих, хоёрдугаарт, ойлгомжгүй, хийдэлтэй, тодорхой бус заалтуудыг цэгцлэх, гуравдугаарт, олон улсын татварын шинэлэг зарчмуудыг нэвтрүүлэх, дөрөвдүгээрт, ил тод байдлыг хангах, тавдугаарт, татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах, зургадугаарт, татварын албыг чадавхижуулж, бэхүүлэх зорилтууд тавин ажиллаж буйгаа дуулгалаа.

Дотоод үйл ажиллагааны шинэчлэлийн хүрээнд татвар төлөгчдийг дөрвөн сегментэд хуваан авч үзсэн байна. Үүнд, том сегмент буюу татвар ногдуулах орлогын дүн 6.0 тэрбум төгрөгөөс дээш, жилд 4 удаа тайлагнадаг байгууллага нийт татвар төлөгчдийн 25 хувийг эзэлж буй аж. Дунд сегмент буюу татвар ногдуулах орлогын дүн 1.5.-6.0 тэрбум төгрөг, жилд хоёр удаа тайлагнадаг байгууллага 10 хувийг эзэлдэг байна.

Жижиг сегмент буюу борлуулалтын орлого нь 50.0 сая төгрөгөөс 1.5 тэрбум төгрөгтэй байгууллага 10 хувь, бичил сегмент буюу 50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, жилд нэг удаа тайлагнадаг нь 1 хувийг тус тус эзэлдэг аж.

 Үйлчилгээнд суурилсан албаны тухайд, татварын бүх үйлчилгээ 100 хувь цахим хэлбэрт шилжжээ. Үүнд: нэгд, татвар төлөгчийн бүртгэл, улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагаас бүртгэлийн мэдээллийг бодит цагийн горимоор хүлээн авч, татвар төлөгчөөр бүртгэдэг болсон. Хоёрт, тайлагнал-татвар төлөгч цахим татварын системд хандан, татварын тайлангаа илгээдэг болсон.

Гуравдугаарт, татварын ногдолд үндэслэн, системээс үүсгэж, цахим хэлбэрээр төлдөг болсон. Дөрөвдүгээрт, хяналт шалгалтын хүрээнд том, дунд татвар төлөгчдөд эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалт хийж, жижиг бичил татвар төлөгчдөд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг болжээ.

2022 ОНД 4.8 САЯ ШИРХЭГ ГҮЙЛГЭЭГЭЭР 9.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ЦАХИМААР ТӨЛСӨН БАЙНА

Өнөөдрийн байдлаар нийт татвар төлөгчдийн 97 хувь нь 1 хувийн татвар төлж буй бол нийт аж ахуйн нэгжийн 67 хувь нь татварын тайлан тушаадаг болжээ. Харин нийт 154 мянган ААН аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын тайлан тушаасан бол 294 мянган иргэн хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын тайлангаа тушаажээ.

ХХОАТ-ыг хялбаршуулан автоматжуулснаар 2019 онд 9184 иргэн, 2022 онд 293.963 иргэн, үүнээс хялбаршуулсан горимоор 76837 иргэн татвараа тушаасан байна.

Татварын шинэчлэлийн хүрээнд иргэн, ААН-үүдэд өнгөрсөн 2019 онд 36.1 тэрбум төгрөг, 2022 онд 34.3 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлжээ. Үүний үр дүнд тайлан үйлдэх, тушаах, татвараа төлөх бүх үйл ажиллагаа цахим болсноор иргэдийн татварын хууль, тогтоомжийг мөрдөх зардал буурсан байна.

ХХОАТ-ын буцаан олголтын хүсэлт гаргахад иргэд 15 төрлийн цаасан баримт бүрдүүлдэг байса бол одоо өөрөөс шаардагдах 3-4 баримт хавсарган, цахимаар илгээдэг болжээ.

Татвараа нэхэмжлэлд суурилсан байдлаар цахимаар төлдөг болсны дүнд 2022 онд 4.8 сая ширхэг гүйлгээгээр 9.3 их наядын татварыг цахимаар төлсөн байна.

Татварын хяналт шалгалтын мэдээллээр үр ашигтай байдал 52.0 дахин нэмэгдсэн аж. Хяналт шалгалтад хамруулсан татвар төлөгчийн тоо 4.3 дахин буурсан бол хяналт шалгалтад хамрагдсан нэг татвар төлөгчид ногдох зөрчлийн дүн 12.1 дахин нэмэгджээ.

Татварын алба том, дунд ангиллын татвар төлөгчдөө ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ялангуяа хариуцлагатай татвар төлөгчийг төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгон, шинэчлэгдсээр байгаа нь сайн мэдээ билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу