Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-гаас “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлж буй. Нийслэлийг унд, ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар тогтвортой хангах зорилготой дээрх хөтөлбөрөөр Монгол Улсын усны салбарт гурван төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Үүнд:

-ус гүн цэвэршүүлэх байгууламж барьж,
-ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах,
-Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих, усны салбарын тогтвортой байдлыг хангах төслүүд орж буй юм.

Энэхүү цогц хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулсан II Компакт гэрээний хүрээнд 2021-2026 онд хэрэгжих, ус хангамжийн шинэ эх үүсвэр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах, ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангахад бодитой дэмжлэг үзүүлэх ажээ.

Энэхүү 3 цогц төсөл бүрэн хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ус хангамж 80 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан талаар Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр шинэ Төв цэвэрлэх байгууламжийн баруун талд барьж буй Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд нээлттэй ярилцах үеэрээ онцолсон юм.

Хаягдал ус дахин боловсруулах төслийн тухайд Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлж, нийслэлийн ус хангамжийн хязгаарлагдмал нөөцийг зохистойгоор удирдах боломжийг нэмэгдүүлж буйгаараа онцлог ажээ.

Үйлдвэрийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Төв цэвэрлэх байгууламжийн баруун талд барьж байна. Ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метр усыг дахин боловсруулж, ДЦС-уудын техникийн хэрэглээг хангах зориулалтаар нийлүүлэх ажээ.

Ингэснээр жилд 18 сая шоо метр гүний цэнгэг усыг хэмнэж, хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэнэ гэдгийг ММСС-гийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл мэдээлэв.

Тэрбээр төсөл хэрэгжсэнээр Монгол Улс хаягдал усыг анх удаа эрчим хүчний салбарт ашиглаж, газрын гүний цэвэр усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладгийг бууруулна гэж тодотгов. Өөрөөр хэлбэл, гүний цэнгэг усыг унд ахуйн болон аж ахуй, эдийн засаг, нийгмийн зориулалтаар ашиглах боломж бүрдүүлэх юм байна.

Э.Энхгэрэл захирал Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, үйлдвэр, аж ахуйн нэгжээс ариутгах татуургын нэгдсэн сүлжээнд нийлүүлж байгаа хаягдал усны бохирдлыг бууруулснаар стандартын шаардлагад нийцсэн усыг байгальд нийлүүлэх, улмаар Туул голыг цаашид бохирдохоос сэргийлэх, түүнчлэн Ус дахин боловсруулах үйлдвэрийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ажээ.

Үйлдвэрийн зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын ажлыг үндэсний бүтээн байгуулагч “М-Си-Эс Проперти” ХХК хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд технологийн зураг төслийг боловсруулахад салбартаа дэлхийд тэргүүлэгчид болох Франц улсын “Egis Water and Maritime”, “Veolia Water Technologies” компаниуд хамтран ажиллаж байгаа ажээ.

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 27 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2025 оны II улиралд дуусаж, туршилт тохируулгыг эхлүүлэх юм байна.

Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд Биокомбинат, Шувуун фабрик орчимд газрын доорх усны хоёр эх үүсвэр шинээр байгуулах, эх үүсвэрийн гүний худгууд, ус дамжуулах шугам хоолой барих ажээ.

Одоогийн байдлаар Ус сувгийг удирдах газар Ус хангамжийн нэгдсэн системээс 55 сая шоо метр ус нийлүүлж буй бол төсөл хэрэгжсэнээр 50 сая шоо метр усыг дахин нэмж нийлүүлэх хүчин чадал бүхий эх үүсвэрүүд ашиглалтад орох юм байна.

АНУ болон Европын орнууд хаягдал усыг эрчим хүчний салбартаа түлхүү ашигладаг туршлагатай. Монгол Улс 2025 оноос эрчим хүчний салбарт дахин боловсруулсан усыг түлхүү ашиглаж эхлэх нь.

Төслийн онцлогоос шалтгаалаад үйлдвэрийн барилга байгууламж нэлээн гүн суурьтай болж буй аж. Иймд тухайн орчин нөхцөлд хөрсний усыг механик байдлаар доошлуулах ажлыг хийж дуусаж байгаа хэмээн барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч “М-Си-Эс проперти” ХХК-ийн төслийн менежер О.Батзориг танилцуулав.

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн технологийн зураг төслийг Франц улсын, салбартаа дэлхийд тэргүүлэгч “Egis Water and maritime” болон “Veolia Water Technologies” компаниуд хийж буй юм байна. Эдгээр компаниас нийлүүлэх техник, тоног төхөөрөмжөөр бохир, хаягдал усыг шүүж тунгаан, цэвэршүүлэн халдваргүйжүүлэх зэрэг үйлдвэрлэлийн процесс явагдах аж.

ММСС-гийнхан Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барихаас гадна Улаанбаатар хотын усан хангамж, нийлүүлэлтийн өнөөгийн байдлыг судлах, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орсны дараа тус үйлдвэрийг хариуцан ажиллаж, менежментийг аваад явах Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг сайжруулж, инженер, техникийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг ажлыг давхар хийж байгаа аж.

Улаанбаатар хотын усан хангамжийг ойрын хугацаанд нийлүүлээгүй тохиолдолд усны эрэлт нийлүүлэлтийн хэмжээ тэнцэж буй судалгаа гарчээ. Энэ нь ус хангамжийн асуудлыг шийдэхгүй бол нийслэлчүүдийн ус хангамж дутагдах болж буйн дохио юм гэдгийг ММСС-гийн төслийн менежер Б.Батдэлгэр хэллээ.

“Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн нийт хөрөнгө оруулалт 461.76 сая ам.доллар бөгөөд үүний 350 сая ам.долларыг АНУ-ын буцалтгүй тусламжаар, 111.76 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлж буй. Монгол Улс өөрийн хариуцсан дээрх санхүүжүүлэлтийг 2024 оны улсын төсөвт суулгаад буй юм.

Монголын Мянганы сорилтын сан МСС нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан, авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу