ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын индэр дээрээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ 100 хувь дотоодоос хангаад зогсохгүй эрчим хүч экспортлогч орон болно” хэмээн ганцхан жилийн өмнө мэдэгдэж байлаа. Үүнийх нь амыг асууж байгаа мэт ОХУ-аас эрчим хүчний хязгаарлалт хийх тухай албан тоот ирүүлсэн нь өнөөдрийн ганц сэдэв болж байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “ОХУ-аас авдаг импортын цахилгааны чадлыг 345МВт авах боломжтой байсныг 150МВт хүртэл хэмжээнд болгож багасгах болсон. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, ОХУ-ын нэр бүхий цахилгаан станцад гэмтэл гарсан, одоогоор ашиглалтад ороогүй ба хэзээ ашиглалтад орох тухай тодорхой мэдээлэл өгөөгүй.

Хоёрдугаарт, 2023 онд нэр бүхий цахилгаан станц дээр 500 МВт хүчин чадалтай хоёр блокт шинэчлэл хийж байсан нь одоогоор ашиглалтад ороогүй байна. Эдгээр шалтгаанаас үүдэн ОХУ цахилгаан эрчим хүчний дутагдалд оржээ. Ийм учраас маргаашаас эхлээд цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүй болсон” хэмээн мэдэгдсэн.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов өчигдөр үдээс хойш “ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй” хэмээн мэдэгдсэн. Ингэж хэллээ гээд бидний эрчим хүчний хараат байдлын зовлон дуусахгүй.

Монгол Улсыг эрчим хүчний салбарт улаан гэрэл асаад удаж буй. Тиймээс эрчим хүчний үнэ тарифаас эхлээд зайлшгүй эргэж харах олон асуудал байгааг салбарынхан онцолж ирсэн ч иргэд нь, төр нь аль аль нь өнөөдрийг хүртэл огт тоогоогүй. Тиймээс хойд талд пускатль буулгахад Монгол Улс бүхэлдээ харанхуй болох эрсдэл нүүрлэж байгаа юм.

Салбарынханы хэлж буйгаар, 1960-аад онд Багануур дүүрэгт тог тасарч, дүүрэг бүхэлдээ хөлдөж байсан гашуун сургамж бий юм билээ. Тиймээс эрчим хүчний зайлшгүй хэрэгцээт газруудаа эрэмбэлсэн байдаг аж.

Нэгдүгээр зэрэглэлд, төрийн үйлчилгээний байгууллагууд, эмнэлэг, сургууль, цагдаа, онцгой, төрийн захиргааны байгууллагууд багтдаг юм байна. Хоёрдугаарт, гал түлэх боломжгүй орон сууцны хороолол багтдаг аж. Гуравдугаарт, дүүрэг, аймаг, сум, багийн төвийн дэд бүтцэд холбогдоогүй уламжлалт аргаар дулааны асуудлаа шийдсэн гэр хорооллын айлууд багтдаг юм байна. Дөрөвдүгээрт, цахилгаан ихээр хэрэглэдэг үйлдвэрүүд гэж ангилжээ.

Өчигдрийн хувьд цахилгаан ихээр хэрэглэдэг үйлдвэрүүдийн эрчим хүчийг хязгаарласан байх юм. Өнөөдрөөс цахилгаан төвийн зургаан аймаг, 150 сум, Улаанбаатар хотын дүүргүүдийн гэр хороолол буюу гуравдугаар зэрэглэлийнхний эрчим хүчний хэрэглээг тодорхой хугацаанд хязгаарлахаар болжээ.

Цаашид нөхцөл байдал улам хүндэрвэл хоёрдугаар зэрэглэл буюу орон сууцны хорооллын айлуудын эрчим хүчийг хязгаарлах аж. Хойд хөрш эрчим хүч өгөхөөс татгалзсан энэ үед иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдийн эрчим хүчний хэрэглээг багасгахгүй бол IV цахилгаан станц хэт ачааллыг дийлэхгүй нөхцөл байдалтай байна.

Хэрэв IV цахилгаан станцад гэмтэл гарсан тохиолдолд нийслэл бүхэлдээ гамшгийн эрсдэлд орох юм. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар Улаанбаатар хот гуравхан цаг эрчим хүчгүй болоход дулааны дэд бүтцийн шугамууд хөлдөх эрсдэлтэй. Шөнөдөө иргэд унтаж амардаг тул эрчим хүчний хэрэглээ багасдаг учир айх аюул байхгүй гэнэ. Тиймээс өдрийн цагт орон сууцны орц, хонгилын гэрлийг унтраахаас эхлээд эрчим хүчний хэмнэлт нэн шаардлагатай байгаа юм.

Нөгөө талд нь ОХУ-аас эрчим хүч хязгаарлах болсон нь Монголд өгч буй сануулга гэж үзэж болох юм. Хойд хөршийнхөн эрчим хүчээр ганц удаа бойкот хийж байгаа нь энэ биш. Нэг сар гаруйн өмнөөс бензин, шатахуун хомсдож, улс даяараа дизель түлш, АИ92 авто бензингүй болж, дамраараа эргэж байна.

Эхлээд шатахуунаар нь, араас нь эрчим хүчээр бойкот хийх болсон нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвч-Овоогийн уран ашиглахтай холбоотой байж магадгүй аж. ОХУ-аас анх Зөөвч-Овоогийн уурхайн ураныг Монгол Улстай хамтран олборлох хүсэлтэй байсан ч манай тал нааштай яриа хэлэлцээр хийж байгаад Франц улстай хамтрахаар болсон нь хойд хөршийнхөнд том цохилт болсон талаар улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Нэг ёсондоо ОХУ-ыг уранаас жийсэн гэхэд болно.

Нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд уран ашиглах, олборлохыг эсэргүүцэн хэдэн жил жагсаал цуглаан хийж ирсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эдийн засгийн эргэлтэд оруулахаар эрчимтэй ажиллаж байна. Өнгөрөгч зун Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад айлчилж, ураны төслийг яаравчлан эхлүүлэх яриа хэлцэл хийгээд буцсан байдаг.

Түүний араас өнгөрөгч аравдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад айлчилж, Монгол Улсын Засгийн газар Францын “Орано майнинг” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн протоколд гарын үсэг зурсан байдаг. Энэ үеэр Эммануэл Макрон “Монгол Улсад эрчим хүчний засаглалаа сайжруулахад Франц улс тусална” хэмээн мэдэгдсэн.

Монгол Улсын Төрийн өндөрлөгүүд хоёр хөршөөс гадна гуравдагч хөршүүдэд  айлчилж, идэвхтэй байх болсонд Украинтай мөргөлдөөнтэй байгаа ОХУ-ын хувьд тийм ч таатай хандахгүй байгаа бололтой. Тиймээс “чаддагаараа бооно” гэдэг шиг ураны гэрээ урагшилж, гуравдагч орнуудтай идэвхтэй харилцан айлчлах болсон нь унтаж байсан “баавгай”-г сэрээж, шатахууны крантаа хааж, эрчим хүчний пускатлиа буулгаж байна гэх хардлага үнэний ортой байж магадгүй юм.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу