УИХ-ын чуулганы өнөөдөр (2023.12.14)-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд гишүүд үг хэлэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Төрийн ордны гадна зургаан сар болж байгаа эмэгтэйтэй уулзлаа. Сүхбаатар аймгийн харьяатай, Б.Энхцэцэг гэж хүн байна. Тэр эмэгтэй төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон гэнэ. Машин дотроо охинтойгоо зургаан сар амьдарч байгаа юм байна. Холбогдох яам, тамгын газрынхантай уулзахыг хүсэж байгаагаа надад хэлсэн.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Тэр эмэгтэйг хэлмэгдээд, хохирсон юм байх гээд таван удаа уулзсан. Тав хоногийн өмнө ч хүртэл уулзсан. Энэ хүн мах экспортод гаргах гэж байгаад хохирсон гэж ярьдаг. Тэгсэн хэрнээ хохирлынхоо хэмжээг хэлдэггүй. Манай яамнаас Ажлын хэсэг гараад, хүмүүс ажилласан. Өөрийн гэсэн үйлдвэр, агуулах, мах байхгүй. “Чи хохирсон бол шүүхдээ өг, шүүхийн шийдвэргүйгээр 9, 10 тэрбум төгрөгийн хохирлыг төлөх боломжгүй” гэж хэлдэг. Гэтэл шүүхэд өгдөггүй. Учир битүүлэг шаардлага тавиад зогсоод байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Иргэн Б.Энхцэцэгийн асуудал мах бэлтгэлтэй холбоотой. Эмээлтийн махны үйлдвэрүүдэд тусгай зөвшөөрөлгүй мах нийлүүлж байсан. Тийшээ нь мэргэжлийн хяналтынхан ороод, хууль зөрчсөн үйлдэл гээд зогсоосон юм билээ. Хуулийн дагуу явах хэрэгтэй. Тэр эмэгтэйг С.Ганбаатар гишүүн хүлээж авч уулзан, асуудлыг нь шийд. Х.Болорчулуун сайд хамт уулзаж болно.

                   

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу