АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэгч Холбооны нөөцийн сан (ХНС)-гийн Нээлттэй зах зээлийн хороо хоёр өдөр хуралдаж, бодлогын хүүг 5.25–5.5 хувийн түвшинд хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. ШИнжээчдийн дүгнэж буйгаар, ХНС-гийн энэхүү шийдвэр гарснаар 2022 оны гуравдугаар сард эхэлсэн бодлогын хүүгийн өсөлтийн мөчлөг үндсэндээ зогсож байгаа аж.

ХНС-гаас гаргасан мэдэгдэлд, АНУ-ын эдийн засгийн идэвхжил гуравдугаар улиралтай харьцуулахад удааширсан, мөн ажлын байрны тооны өсөлт оны эхэн үетэй харьцуулахад удаан байгаа боловч уг үзүүлэлт өндөр хэвээр байна гэж дурджээ.

Түүнчлэн ажилгүйдлийн түвшин бага хэвээр, инфляц сүүлийн нэг жилийн хугацаанд буурсан боловч өндөр хэвээр байгааг дурдсан байна. Энэ нь бодлогын хүүгийн өсөлтийг зогсоох боломжтой гэсэн цорын ганц шинж тэмдэг бөгөөд цаашид өсгөх шаардлага байгаа эсэхийг үнэлэхдээ ирж буй мэдээлэл, түүний мөнгөний бодлогод үзүүлэх нөлөөллийг хянана гэжээ.

Ажиглагчид ХНС бодлогын хүүг ирэх онд 4.5-4.75 хувьд, 2025 онд 3.5-аас доош хувьд хүргэж бууруулна гэж таамаглаж байна. Тодруулбал, зах зээлд оролцогчид нэг, гурав, тавдугаар сарын хурлаар бодлогын хүүг хэвээр үлдээнэ, харин зургадугаар сард бууруулна гэж таамаглажээ.

АНУ-ын эдийн засгийн энэ оны өсөлтийн талаарх шинэчилсэн таамаглалд ДНБ-ий өсөлтийг 2.1 хувиас 2.6 хувь болгож өсгөсөн бол ирэх оныхыг 1.5 хувиас 1.4 хувь, 2025 оныхыг 1.8 хувь, 2026 оныхыг 1.8 хувиас 1.9 хувь болгож тус тус өөрчилсөн байна.

Ажилгүйдлийн түвшний талаарх урьдчилсан таамаглалыг 2023 онд 3.8 хувьд хэвээр үлдээжээ. Энэ үзүүлэлт 2024-2026 онд 4.1 хувь байх төлөвтэй бол инфляцыг 3.3 хувиас 2.8 хувь, 2024 онд 2.5 хувиас 2.4 хувь, 2025 онд 2.2 хувиас 2.1 хувь болгон сайжруулсан байна. ХНС инфляц 2026 онд зорилтот 2 хувьд хүрнэ гэж тооцоолжээ.

Эх сурвалж: AP, FRANK MEDIA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу