УИХ-ын чуулганы Пүрэв гараг (2023.12.14)-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

“ЦЭРГИЙН АЖИЛЛАГААТАЙ, ЭРСДЭЛТЭЙ ЭНЭ ҮЕД МАНАЙД НИЙЛҮҮЛЬЕ ГЭСЭН Ч ЧАДАХГҮЙ НӨХЦӨЛД ХҮРВЭЛ ЯАХ ВЭ”

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Сүүлийн өдрүүдэд шатахууны хомсдол, эрчим хүчний хязгаарлалт гээд асуудлууд үүсэж байна. Энэ бол ганц өнөөдөр үүссэн юм биш, сүүлийн 30 жилд ийм байлаа. Тиймээс бид эрчим хүчний нөөц, бие даасан байдалд хувьсгалын шинжтэй реформ хийх цаг болжээ гэж бодож байна.

Тэр дундаа, дэлхийн улс орнуудын хийгээд байгаа эрчим хүчний шилжилт рүү нэн яаралтай, зоригтой орох шаардлага тулгарлаа. Бид эрчим хүчний нөөцийн эх үүсвэр, түүнийг нөхөх асуудлаа бүрэн шийдэж чадаагүй тохиолдолд энэ эрсдэл үргэлжилсээр байна.

Нэн ялангуяа хүйтний эрч чангарч байгаа энэ үед ийм эрсдэл үүсвэл яах вэ. Нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралд маш их эрсдэл тулгараад байна. Тоочоод байвал тоолж баршгүй хэмжээний сөрөг нөлөөтэй асуудлууд менежмент, төлөвлөгөөгүйгээс болж үүсэх нь.

Эрчим хүчний нийт хэрэглээний 22 хэрэглээг импортоор авдаг. Цэргийн ажиллагаатай, эрсдэлтэй байгаа энэ цаг үед тухайн улс манайд нийлүүлье гэсэн ч чадахгүй нөхцөлд хүрвэл яах вэ.

“МОНГОЛБАНКТАЙ ЯРЬЖ БАЙГААД НӨӨЦИЙН САВЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ”

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Д.Өнөрболор гишүүн цаг үеийн шинжтэй, чухал асуудал хөндлөө. Тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц яасан бэ, Б.Чойжилсүрэн сайд аа. 10, 20 жил ярьж байна. Эрчим хүчний асуудалтай болоод, өнөө маргаашаа яах вэ гэж байдаг. Эрсдэлийн менежментийн төлөвлөгөөтэй байна гэдэг бол туйлын чухал. Нэг асуудал болохоор л болохоо байлаа гээд эхлэх юм.

Шатахуун ч гэсэн тэр. Шатахуун бол тээвэр, логистикийн саатал гарсан. Цаад газар нь чөлөөтэй нийлүүлж байгаа юм билээ. Гадаадын зарим компаниуд асар ихээр дизель түлш нөөцөлж, зохиомол хомсдол үүсгэж байгаа гэх мэдээлэл байгаа. Тэд нар гараад л энэ зохиомол хомсдол байхгүй болох юм билээ. 

Бүх “Приус” машин нэг өдөр банкаа дүүргэхэд манайд 10 сая литр шатахуун шууд дутагдах юм билээ. Мөн шатахууны нөөцтэй болох хэрэгтэй. Аль эрт НИК-ийн нөөцийн савтай байсан. Тэрийг төмрийн хогонд гадагшаа зарчихсан. Одоо нөөцийн сав байхгүй. Улсын стратегийн нөөцийн савтай байх хэрэгтэй байна. Засгийн газар, Монголбанктай ярьж байгаад нөөцийн савыг санхүүжүүлэх хэрэгтэй. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу