АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн Лхагва гарагийн орой Ерөнхийлөгч Жо Байденд импичментийн асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шийдвэрийг албажуулах тухай тогтоол баталжээ. Тус баримт бичгийг Бүгд найрамдах нам (БНН)-ынхны хяналтад байдаг Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 221 (БНН) нь дэмжиж, 212 (Ардчилсан нам) нь эсэргүүцсэн байна.

Төлөөлөгчдийн танхимын гурван хороо Ж.Байденыг АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллах үедээ авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэж буруутгажээ. Гэвч тэд түүний хууль бус үйлдлийг нотлох баримт хараахан гаргаж ирээгүй байгаа аж.

Жо Байден “Өрсөлдөгчид худал хуурмаг зүйлээр түрий барин дайрч байна” гэжээ.

Мөрдөн байцаалт явуулах эрх олгох санал хураалт нь импичмент зарлахын төлөө санал өгөхтэй адил биш боловч ирэх оны эхээр Төлөөлөгчдийн танхим Ж.Байдены эсрэг импичмент зарлах магадлалыг нэмэгдүүлэх аж. Ингэснээр Төлөөлөгчдийн танхимын санал хураалт, Сенатын шүүх хуралдаанд хүргэдэг импичментийн мөрдөн шалгах ажиллагаа нь Ерөнхийлөгчийн хувьд сонгуулийн жилийн ид дунд “толгойны өвчин” болж магадгүй юм байна.

Ж.Байден санал хураалтын дараа “Америкийн ард түмэн Конгрессын удирдагчдаас үндэстэн болон дэлхийн чухал ач холбогдолтой асуудлаар арга хэмжээ авахыг хүсэж байгаа боловч тэд яаралтай хийх ёстой ажлаа хийлгүйгээр, баримт нотолгоогүй улс төрийн жүжигт хамаг цагаа үрж байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу