Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 12 дугаар сарын 13, 14-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав.

Энэхүү шийдвэр нь инфляцыг зорилтот түвшин рүү хурдан бууруулж, тогтворжуулах, макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцжээ.

Жилийн инфляц 2023 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.6 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувьтай гарсан. Нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт тогтворжиж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш жилийн өмнөх түвшнээс чангарч, гадаад үнэ болон тээврийн зардлын өсөлт саарч буй.

Төв банкнаас сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгснөөр инфляц ийнхүү буурчээ. Гэвч төсвийн зардлын өсөлт, тэр дундаа цалин, тэтгэврийн өсөлт ирэх онд үргэлжлэхээр байгаа нь эрэлтийн талын нөлөөг нэмэгдүүлж буй аж.

Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, эдийн засгийн өсөлт энэ оны эхний 3 улиралд хүлээлтээс өндөр гарчээ. Уул уурхайн салбарын сэргэлтийг дагаад тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарын үйлдвэрлэл идэвхжсэнээс гадна бодит орлогын өсөлтийг даган өрхийн хэрэглээ үргэлжлэн сэргэж буй юм байна. Цаашид уул уурхайн үйлдвэрлэл сайжирч, төсвийн зардал тэлэхээр байгаа нь эдийн засгийн өсөлтийн төлөвт эерэгээр нөлөөлнө гэж тооцжээ.

Ойрхи-Дорнодод үүссэн хурцадмал байдал нь глобал эдийн засгийн эрсдэл, тодорхой бус байдлыг нэмэгдүүлсэн. Дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах, тэр дундаа БНХАУын үл хөдлөх хөрөнгийн салбарт үүсээд буй хүндрэл үргэлжлэн эрдэс түүхий эдийн үнэ цаашид буурах, гадаад эрэлт энэ оноос саарах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчин болон инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмыг авч хэрэгжүүлэх юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу