Улаанбаатар хотод өнгөрсөн долдугаар сард бороо орсны улмаас голын эрэг дагуух барилга, орон сууцны хорооллууд усанд автаж, аж ахуй нэгж, иргэд хохирол амссан. Ийм байдалд хүрэхэд голын урсацыг хааж барьсан “Шунхлай” ШТС, “S Outlet” дэлгүүр, болон Дунд голын хөвөөнд баригдаж буй “Aqua Garden” хороолол нөлөөлсөн гэж үзсэн билээ.
Улмаар тус барилгуудыг албадан буулгаж, нүүлгэн шилжүүлэхээр болсон. Энэ хүрээнд “Шунхлай” ШТС-ыг аравдугаар сарын 27-нд буулгасан бол “S Outlet” дэлгүүрийн барилгыг буулгах ажлыг эрчимжүүлэх талаар Хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд үүрэг болгоод байна.
“Aqua Garden” буюу “Авлига хороолол”-ыг хэрхэх вэ?
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үер усны далан, шуудуу хааж, газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай бол зарим объектыг нураах хүртэл арга хэмжээ авахыг үүрэг болгож байсан. Хотын дарга асан Д.Сумъяабазар ч албан тушаалаасаа огцрохоос өмнө “Авлига хорооллыг заавал нураана” хэмээн ам өгч байв.
Түүний ажлыг авсан Х.Нямбаатар эл хорооллыг нураах эсэх талаар тодорхой үг хэлэхгүй, дорвитой үйлдэл хийхгүй явна. Тиймээс бид барилгын ажил хэрхэж буй талаар сурвалжлахаар тус барилгыг зорьсон юм.
Газар дээр нь очиход барилгын ажил үргэлжилж байв. Хашааны гадна болон дотно талд хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй, машин ч олон харагдлаа.
Таван минут тутамд машинтай, эсвэл явган хүн орж гарч байв. Идэр есийн хүйтэн эхэлснийг үл ажран барилгын гадна талын фасад хийгдэж, доторх заслаа ч зэрэгцээд хийж байна.
Эргэн сануулахад, өнгөрөгч наймдугаар сард тус хороолыг албадан буулгах Хотын даргын захирамж гарсан. Гэвч сарын дараа буюу есдүгээр сард тус барилгыг барьж буй “Эм энд Жи констракшн” ХХК-иас тус захирамжийг эсэргүүцэж, шүүхэд гомдол гаргасан юм. Улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Хотын даргын захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлээд байна.
“Нураана, буулгана” гэж зуны турш дуулиан дэгдээсэн ажил хэрхэх нь тодорхойгүйгээр таг болж, эл хойгуур “Авлига хороолол” ашиглалтад ороход ойртсоор байна. Барилгыг барьж байх үед нь зогсоож чадсангүй. Баригдаж дууссан хойно, ирэх зун нийслэлд үер болбол яах вэ.
Х.ТҮШИГ