Ардчилсан нам явж явж нэг даргатай болж, Улсын дээд шүүх бүртгэсэн ч албан ёсны тамга, гэрчилгээ Л.Гантөмөрт алга. Намын экс дарга С.Эрдэнэ тамга, гэрчилгээгээ хав дараад өгөхгүй байнга дэгээ тавьж байна гэх яриа бий. Л.Гантөмөр, Ч.Өнөрбаяр нарын зүгээс намын гэрчилгээгээ үрэгдүүлсэн тул дахин олгож өгөх хүсэлтийг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хүргүүлсэн. Захиргааны хэргийн танхмын шүүгч нарын шийдвэр тэдний хүсэлтийг хангаагүй. Ингэснээр албан ёсны дарга намын гэрчилгээ, тамгагүй хэвээр хаврын бор хоногуудыг аргадан өнгөрүүлж байна. Хэрэв тэд намын гэрчилгээгээ гаргуулаад авбал тамгаа захиалах гээд хүлээж байгаа гэх.

С.Эрдэнэ л тамга, гэрчилгээгээ хав дараад байгаа юм уу гэтэл гэрчилгээ нь түүнд бус Ц.Туваанд хадгалагдаж байгаа аж. Төдийгөөс өдий хүртэл С.Эрдэнэ бүх зүйл дээр хэвтэж байгаа гэдэг ойлголтыг нийгэм авчихсан. Нийгэм гэлтгүй намынх нь нөхөд ч тэгж бодож яваа. Гэтэл үгүй байж. Ц.Туваан С.Эрдэнээс хэдийн нүүр буруулсан. Гэсэн ч Л.Гантөмөрөөс мөн буруулсан бололтой юм. Тийм ч учраас  гэрчилгээг нь өгөөд шинэ тамга, гэрчилгээтэй намын үйл ажиллагааг нь явуулах боломжийг олгохгүй байгаа юм. Үүнээс харахад Л.Гантөмөр ч гэрчилгээний араас явах хүсэл байхгүй мэт харагдах. Гэвч өөрт байгаа ганц хөзрөө Ц.Туваан зүгээр тавиад туучихыг хүсэхгүй байгаа бололтой. Тийм ч учраас Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хүсэлт гаргаж байгааг мэдэхийн дээдээр мэдэж байсан ч чив чимээгүй өнгөрөөсөн. Ц.Туваан хүн л юм болохоор бас тохироонд орох ёстой гэдэг хүлээлттэй байгаа бололтой.

Шүдгүй арслан гэдэг шиг албан ёсны бичиг баримтаа өөртөө авч чадаагүй яваа Л.Гантөмөр Төрийн ордны хойд талын Хүрээ төвд, хүчингүй тамга нь С.Эрдэнийн Ардчиллын өргөөнд, хүчингүй гэрчилгээ нь Ц.Тувааны цүнх хавьд явна. Ер нь бол Ардчилсан намын дарга, гэрчилгээ, тамга тал тал тийшээ шидэгдсэн байгаагаас харвал эрх баригч намын нэр хүнд муу байгаа энэ үед ирэх сонгуульд олонхийн санал авч эрх баригч болно гэсэн мөрөөдөл Ардчилсан намынханд байна. Тийм ч учраас ашиглаж чадахгүй яваа гэрчилгээ, тамга нь хүртэл ийм үнэд хүрч хэрэв засгийн эрхэнд гарвал ийм тохироотой албан тушаалд очих хөзөр болж байна. Эрх баригчдад энэ намын дотоод асуудал иймээрээ байх нь л хамгийн гоё. Ирэх сонгуульд Л.Гантөмөр намын дарга байлаа ч нэр дэвшигчдээ батламжилах тамга, намын гэрчилгээ байхгүй тул Х.Баттулга, Ц.Туваан, М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг бодоход дээд шүүхийн дансанд бүртгэлтэй тамгатай хутагт л болж үлдэх нь дээ.

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу