НҮБ-ын боловсрол, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гоос “Боловсролын эрхийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээ” сэдэвт чуулганыг энэ өдрүүдэд Парис хотноо зохион байгуулж байна.

Тус чуулганд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож, үндсэн илтгэлийг тавьж хэлэлцүүллээ. Илтгэл Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл ба сайн туршлага гэсэн сэдэвтэй байсан юм. Монгол Улсаас гадна Португал улсын Боловсролын сайд мөн энэ сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.

Монгол Улсын тухайд эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсролд хамрагдах эрхийг сурагч бүрийн өмнө нээж өгөхийг зорьсон нь хамгийн том дэвшил болж байгаа юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын тэргүүн туршлага гэж хэд хэдэн зүйлийг онцлов.

  • Монгол Улс цэцэрлэгт хамрагдалтыг 92 хувьд хүргэж, хүсэлт гаргасан хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна. Мөн хоёр настайдаа сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж эхлэх эрхтэй гэж хуульчилсан.
  • Ялгаатай хэрэгцээтэй сурагчдад боловсрол олгох бүх боломжийг эрэлхийлж байгаа нь Монгол улсын сайн туршлага болж байна гэлээ. Тусгай сургууль цэцэрлэгээс гадна ердийн сургуульд сурах нээлттэй боломжийг бүрдүүлж, дэмжих төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр зорьж байгааг салбарын сайд илтгэлдээ онцолсон.
  • Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй. Дараагийн сайн туршлагаар онцлох зүйл бол тархан суурьшсан ард түмэнд цахим дэд бүтцийн тусламжтайгаар сурах эрхийг нээж өгч байгаа явдал гэлээ. “Мэдлэ” цахим сургуулийг амжилттай хичээллүүлж орон зайнаас үл хамааран сурах эрхийг нээсэн нь бусад улсын анхаарлыг татаж байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу