2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдын нэрс ил болж байна. Эрх баригч МАН-аас нэр дэвшихээр горилогчид Сонгуулийн тухай хуулийн дагуу 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгөх ёстой. Хуулийн хүрээнд Төрийн өмчит компани болон зарим төрд албан тушаал хашиж байгаа хүмүүс эхнээсээ ажлаа өгч байгаа юм.

Тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Янгугийн Содбаатар. Өмнө нь парламентын гишүүнээр хоёр удаа сонгогдож, Үйлдвэр худалдааны дэд сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Шадар сайдаар ажиллаж байсан тэрбээр У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдоход Тамгын газрын даргаар нь очсон байдаг.

Я.Содбаатарын хувьд эхнэрийнхээ “Эпато анарваан” компаниар 2018 онд ЖДҮХС-гаас 1.2 тэрбум, “Ти Эс Эм” компаниараа 2017 онд 800 сая төгрөгийн зээл авсан нь шуугиан тарьж, албан ёсоор “ЖДҮ-чин” ангилалд багтсан. Тэрбээр “Би ганцаараа ЖДҮ-ээс зээл аваагүй. Бүх гишүүн авсан шүү дээ” хэмээн мушилзаж, дургүйцлээ илэрхийлж байв.

Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан ЖДҮ-чдэд хандан “Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой. Энэ улс хуультай шүү” хэмээн чуулганы танхимд мэдэгдэж байсан удаатай. Харин ЖДҮХС-гаас зээл авсан Г.Солтан, Д.Дамба-Очир нар л хууль шүүхийн хаалга татаж, ял сонссон болохоос Я.Содбаатар нар 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байх л ёс зүйн хариуцлага үүрч байлаа.

Одоо иргэд ЖДҮ-гийн асуудлыг мартсан гэж үзсэн үү Я.Содбаатар ямартай ч УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон байна. Ирэх оны УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчлэн томсгох тохироог МАН-ынхан дээд түвшиндээ шийдсэн байгаа юм билээ. Тиймээс Я.Содбаатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа удахгүй өгч, томсгосон тойрог болох Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймагт нэр дэвших юм.

Төрж, өссөн нутаг Өвөрхангайдаа нэр дэвшихэд ямар нэгэн асуудалгүй хэмээн тооцож, өнгөрсөн зун Архангай аймгийн 100 жилд оролцохдоо тэрбээр “Аав, ээжийнхээ нутагт ирлээ” хэмээн ярьж байсан. Тиймээс Өвөрхангай, Архангай бол өөрийнх нь нутаг гэж тооцон, нэр дэвшихээр болж байгаа аж. Харин Баянхонгор аймгаас УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгийг авахаар тохирсон гэх яриа гарсан байгаа юм.

ЖДҮХС-гаас зээл авч, ард түмэндээ “загнуулсан” ч улс төрд орсон хүн гарч чаддаггүй гэдгийг баталж, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болжээ.

Э.МӨНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу