УИХ-ын чуулганы Баасан гараг (2023.12.15)-ийн үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна. Энэ үеэр гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ерөнхийлөгч олон улсын нэр хүндтэй хурлын үеэр Монгол Улс тэрбум мод тарихыг амласан. Энэ ажил та нараар дамжаад “уначихаад” байна. Ер нь, Ерөнхийлөгч зөв зүйтэй санаачилга гаргаад, эхлэлийг нь тавьдаг. Тухайлбал, Улаанбаатар хотыг утаагүй болгох гээд, түүхий нүүрс оруулахгүй гэж шийдвэрлэсэн. Тэр үед нийслэл утаагүй болсон. Тэгээд л МАН-ынхан бөөнөөрөө УИХ-ын гишүүн болсон. Нефтийн үйлдвэрийг анх санаачилж, 2023 онд ашиглалтад оруулна гэсэн. Ерөнхийлөгч болонгуут ажлыг нь унагаасан. Өнөөдөр яг хэдэн мод тарьчихаад байна вэ? 

Баянхонгорт хурал хийсэн гэсэн. Хурал хуй, уриа лоозон хэтэрч байна. Тэнд хэдэн мод тарьсан бэ?

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний гол бодлого бол  үндсэн хөтөлбөр гаргаж, аж ахуйн нэгж, иргэдээр мод тариулах.

2021 оноос эхэлсэн энэхүү хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн хугацаанд 41.5 сая мод тарьж, ургуулсан. 2023 онд 61.7 орчим сая тарьц, суулгац бэлтгэсэн байна. Үүнийг 2024 оноос тарьж эхэлнэ. 

Улаанбаатар хотын хэмжээнд 2 сая ширхэг мод тарьж, ургуулаад байна. Улаанбаатар, Орхон, Сэлэнгэ гэсэн гурван газарт хамгийн их мод тарьсан юм. Баянхонгорт 325 мянга 408 мод тарьсан.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу