“Ард санхүүгийн нэгдэл” ХК-иас өнөөдөр (2023.12.15) Ардкойн үндэсний хэмжээний төвлөрсөн бус урамшууллын онооны 3.0 хувилбарыг танилцуулж, цан цохилоо. Энэ хүрээнд гурван блокчэйн дамнасан, 400 мянган эзэмшигч бүхий Ардкойны гүйлгээний шимтгэл 135 дахин буурч байгаа талаар “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганхуяг танилцуулав.

“Ард”-ын залуус таван жилийн туршлагадаа тулгуурлан, Ардкойны 3-р хувилбарыг технологийн талаас хөгжүүлэлт хийж дуусгажээ. Энэ нь гурван блокчэйн болох Binance smart chain, Polygon, Ethereum дээр зэрэг гарч буйгаараа давуу талтай юм байна.

Өмнө нь сүлжээ хоорондын гүйлгээний шимтгэл өндөр байсан бол өдгөө 350 дахин багассан нь сайн мэдээ билээ. Үүнээс гадна “Ард”-ын залуус “Bridge” хэмээх технологи нэвтрүүлсэн байна. Энэ нь гурван блокчэйнийхээ хүрээнд Ардкойн хөрвөж ашиглагдах боломж олгож буй аж. Өөрөөр хэлбэл, энэ нь гурван блокчэйний экосистемүүдэд очиж залгагдан, эко системээ тэлэх боломжийг нэмэгдүүлж байгаа гэсэн үг.

Блокчэйн дээр хамгийн чухал зүйлсийн нэг бол аюулгүй байдал. Тиймээс залуус гадны хамгийн том фирмүүдийн нэг болох Hacken-аар аудит хийлгэжээ.



Ч.ГАНЗОРИГ: ИРЭХ ЖИЛ “SOLANA” БИРЖ ДЭЭР ГАРЧ, ГҮЙЛГЭЭНИЙ ШИМТГЭЛИЙГ 1 ТӨГРӨГ БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Idax биржийн Гүйцэтгэх захирал Ч.Ганзоригоос Ардкойны 3.0 хувилбарын талаар тодрууллаа. 

-Ардкойн 3.0 хувилбарыг танилцууллаа. Энэхүү хувилбарын онцлог, давуу талын талаар та ярихгүй юу? 

-Гол онцлог нь Ардкойн төвлөрсөн байдлаас төвлөрсөн бус хувилбарт шилжиж байна. Яагаад үүнийг хийх болсон бэ гэхээр, өмнө нь бид өөрсдийн систем дээрээ бүртгэлээ хийгээд ажилладаг байсан. Блокчэйн хувилбар луу шилжих болохоор гүйлгээний шимтгэл маш өндөр, Ethereum Буюу ERC сүлжээн дээр 20 ам.доллар байдаг байсан. Тийм учраас бид сүүлийн хэдэн жил судалгаа хийгээд аль чэйн дээр гарах вэ, ямар технологи хэрэглэх вэ, яаж сүлжээ, блокчэйнээ сайжруулсан хувилбар луу шилжүүлэх вэ гэсэн судалгаа хийж байгаад, өнөөдөр гурван сүлжээн дээр зэрэг гарч байгаа юм.

Өөрөөр хэлбэл, хамгийн хурдан, хамгийн хямд гүйлгээ хийдэг ERC20, BMB, Polygon гэсэн гурван сүлжээ дээр зэрэг гарч байна. Энэ нь маш их онцлогтой. Өнөөдрийг хүртэл Монголд “Bridge” буюу “Гүүр” ашиглаж, гурван сүлжээ дээр зэрэг гүйлгээ хийдэг токен гараагүй. Бид өөрсдөө энэ технологийг зохион бүтээж, нэвтрүүлж байна. Ингэснээр Ардкойнтой холбоотой бүх гүйлгээ блокчэйн дээр нээлттэй гарч байна. Дээр нь өмнө нь Ард апп дээрээ бүртгэлтэй байсан 400 мянган харилцагчдадаа бүгдэд нь блокчэйн хаяг үүсгээд, нээлттэй болгож байна гэсэн үг.

-Блокчэйн дээр гүйлгээний шимтгэл 150 дахин буурлаа гэж мэдэгдлээ. Энэ талаар нэмэлт мэдээлэл өгөхгүй юу? 

-Бид блокчэйн дээр 70 мянга орчим төгрөгөөр гүйлгээ хийдэг байсан бол одоо 20 төгрөг болоод байна. Дараа жил бид “Solana” блокчэйн дээр гарахдаа гүйлгээний шимтгэлийг 1 төгрөг болгох зорилготой ажиллаж байна. Дээр нь Ардкойныг бид зөвхөн “Ард санхүүгийн нэгдэл”-ийн урамшууллын оноо байдлаар гаргаж ашигладаг байсан бол одоо Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх бизнесийн болон худалдааны байгууллага Ардкойныг ашиглаад, харилцагчдаа урамшуулах, харилцагчдаа тогтоон барих боломжтой болсон. Тиймээс хүн болгонд, бизнес бүрд нээлттэй, мөн засаглал болон удирдлагад нь оролцоод явах боломжтой болгож байна. Илүү нээлттэй, илүү либериал, илүү хурдан, илүү чанартай, илүү хямд, үндэсний хэмжээний урамшууллын оноо болгох зорилт тавьж байна гэсэн үг.



МОНГОЛЫН АНХНЫ CUSTODIAL КРИПТО ХЭТЭВЧИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Мөн энэ үеэр блокчэйн технологид хамгийн шинэ, хамгийн аюулгүй технологи болох MPC (Multi-party) аргачлалаар бүтээгдсэн Монголын анхны custodial крипто хэтэвчийг танилцууллаа.

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг блокчэйн хэтэвчүүдийг дотор нь non-custodial болон custodial гэж хоёр ангилдаг. Пon-custodial хэтэвчийн хамгийн том жишээ бол Metamask хэтэвч юм. Үүнийг өдөр тутамд хэрэглэхэд хувийн нууц түлхүүрийн аюулгүй байдлыг хангах, хэтэвчний аюулгүй байдлыг хангах гээд маш олон асуудал хэрэглэгч нарт тулгардаг.

Энэхүү асуудлыг “Ард”-ын залуус non-custodial хэтэвчээр бүрэн шийдсэн байна. Блокчэйн салбарт хамгийн шинэ, мөн хамгийн аюулгүй технологид тооцогдоод байгаа MPC буюу Multi-party Computation аргачлалыг ашиглан, таны виртуал хөрөнгийг хамгийн аюулгүй, найдвартайгаар хадгалах ажээ.

Үүнээс гадна та кастоди блокчэйнийг ашиглан, виртуал хөрөнгийг хүлээн авах, илгээх, хадгалах, мөн цаашлаад кастоди блокчэйн хэтэвч EVM төрлийн буюу Ethereum Virtual Machine төрлийн бүхий л блокчэйнийг дэмжин ажиллах боломжтой юм байна. Үүнээс гадна залуус дэлхийн хамгийн хурдан, хамгийн хямд блокчэйн болох “Solana”-г тун удахгүй дэмжин ажиллахаар бэлдэж эхэлснээ дуулгасан юм.

Энэхүү хэтэвч хэрэглэгч таны гар дээр Ард супер апп болон Most Money аппликэйшнүүдээр дамжин очиж буй.


АРДКОЙН 3.0 ТӨСЛИЙН БАС НЭГ ШИНЭ БОЛОМЖ

Ард апп болон МОСТ-ын хэрэглэгч 1.7 сая, мөн ард койн эзэмшигчдийн тоо 500 мянгад хүрчээ. Тэдэнд хүссэн газраасаа урамшууллын оноогоо цуглуулан ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор нээлттэй урамшууллыг бизнесийн байгууллагууд олгож байгаа нь Ардкойн 3.0 төслийн бас нэг шинэ боломж юм байна.

“Ард”-ын залуу мөн ирэх жилүүдэд бизнесийн байгууллагуудыг дэмжих идэвхжүүлэлтийн ажил дээрээ голчлон ажиллахаар төлөвлөжээ. Тэд хамтдаа бизнесээ тэлж, экосистемээ өргөжүүлж, хүн бүрд хүртээмжтэй, бизнесийн байгууллагуудад ашигтай, төвлөрсөн бус, эко системээ өргөжүүлэх зорилгын хүрээнд ажиллах юм байна.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу