ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уламжлал ёсоор өнгөрсөн Пүрэв гарагт дөрвөн цагийн турш ард иргэдийнхээ 80 гаруй асуулт, хүсэлтэд хариу тайлбар өгч, улс орныхоо эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэв.

Тэрбээр хэлэхдээ “Оросын эдийн засаг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад сэргэж, урагшилж байна. Жилд ДНБ 3.5 хувь, бодит цалин 8 хувь, бодит орлого 5 орчим хувиар өсөх төлөвтэй байна. ОХУ-д ажилгүйдэл 2.9 хувь хүртэл буурсан нь Оросын түүхэнд өмнө нь тохиолдож байгаагүй үзүүлэлт. Оны эцэс гэхэд инфляци 7.5-8 хувьд хүрч магадгүй ч Төв банк, Засгийн газар шаардлагатай арга хэмжээг авч байна” гэжээ.

Статистик мэдээллээр, нэг жилийн хугацаанд Оросын зах зээлд өндөгний үнэ 40 гаруй хувиар өсжээ. Энэ талаар Оросын удирдагч “ОХУ-ын эрх баригчид тахианы өндөгний үнэ огцом өссөнд уучлалт гуйж байна. Төрийн ажил “цалгардаж” байна” гэж хэлсэн байна.

Путин цэргийн тусгай ажиллагааны тухайд, “Цэргийн тусгай ажиллагааны зорилго өөрчлөгдөхгүй. Украиныг нацист үзлээс чөлөөлж, төвийг сахисан улс болох хүртэл ажиллагаа явагдана. Бид зорилгодоо хүрсэн цагт амар амгалан ноёлох болно. Сөрөг довтолгооны үеэр Киев “хаана ч, юу ч хийж чадаагүй” бол Оросын цэргүүд байр сууриа бэхжүүлж байна. Бид ялна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Мөн тэрбээр “Хувийн цэргийн компаниудын сайн дурынхан болон дайчид цэргийнхэнтэй адил дэмжлэг авах ёстой. Оросын эрх ашгийг хамгаалж байгаа хүн бүр яг ижил “нөхцөл”-д байх ёстой. Орос улсад хууль ёсны дагуу байгуулагдсан хувийн цэргийн компани байхгүй бөгөөд улстай ямар нэгэн гэрээ байгуулаагүй” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу