Dobu.mn сайт өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.

О.Мөнхжин: Хандиваар бус, хөрөнгө оруулалтаар “IHC esports” багийн дүү нараа дэмжсэн 

Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдсан PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах “PMGC 2023” тэмцээнээс Монгол Улсын “IHC esports” баг дэлхийн аваргаар тодорсон билээ. 

Тэднийг өнөөдөр ЦХХХ-ны сайд Н.Учрал хүлээн авч уулзлаа. Багийн гишүүдийг Мэдээлэл харилцаа, холбооны тэргүүний ажилтан цол тэмдэг, яамны жуух бичгээр шагналаа. Энэ үеэр “IHC esports” багийн хөрөнгө оруулагч О.Мөнхжингөөс зарим зүйлийг тодрууллаа. 

-Та esport-д яагаад хөрөнгө оруулахаар шийдсэн бэ?

-Esport-д хөрөнгө оруулсан хүн нь зөвхөн би биш. Манай “Их бит” ХХК-ийн Б.Гантиг, талийгаач Б.Эрхэмбаяр бид гурав ярилцаж, хөрөнгө оруулах шийдвэр гаргасан. Цахим зах зээлийн хөгжилд гарч ирж буй дүү нараа дэмжих үүднээс esport-д хөрөнгө оруулсан. Бид энэ багийг санхүүгийн тал дээр санаа зовохгүй болгож, хангалттай цалин, амьдрах байр, тэмцээн уралдааны бүх зардлыг нь гаргасан. Эргээд энэ хүүхдүүд маань шагнал авч, гэрээний дагуу шагналын мөнгөө хуваадаг. Гэхдээ хүүхдүүд маань илүү их хувь авдаг. Хандив өгөх байдлаар биш, харилцан ашигтай байдлаар хөрөнгө оруулалт хийх буюу бизнес менежмент гэж ямар байдгийг харуулахыг зорьсон. Тэгж чадсандаа маш их баяртай байна. 

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү. https://www.dobu.mn/?p=38051

Э.Цэрмаа: Вакс хийлгэсэн эмэгтэй хүн машинаа угаалгасан жолооч шиг болчихдог

Бидэнд нийтлэг тулгардаг арьс арчилгаа болон бикини вакс, сормуус зэргийг хэрхэн хийдэг болох, юунд голчлон анхаарах хэрэгтэй байдаг талаар гоо зүйн зөвлөгөө өгөх үүднээс гоо сайханч Э.Цэрмаатай ярилцлаа. 

-Таны хувьд гоо сайхны салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ

-Би гоо сайханчаар 10 гаруй жил ажиллаж байна. “Amanda beauty” салон маань жилийн өмнө байгуулагдсан. Байгуулагдсан цагаас нь эхлээд ажиллаж байна.

“СОРМУУС СУУЛГУУЛАХДАА АРТИСТТАЙГАА САЙТАР ЯРИЛЦАХ ХЭРЭГТЭЙ”

-Сүүлийн үед охид бүсгүйчүүд сормуус ихээр хийлгэх болсон шүү дээ. Сормуус хийлгэхдээ юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Сормуус маш олон төрөл байдаг. Хүмүүсийнхээ нүднээс хамаарч ямар ч аргаар хийж болно. Жишээлбэл, 3D, 2D, классик, хар, бор, урт богино гэх мэт янз бүрийн төрөл байдаг. Тухайлбал, бөөрөнхий нүдтэй хүнд арагш нь уртаар уусгаж хийвэл маш гоё харагддаг. Хэрэв урт нүдтэй бол хоёр талаас нь богинохноор уусгавал гоё харагддаг. Мөн хөгшин хүнд мэдээж хар сормуус зөвлөдөггүй. Харин энгийн натурал харагдахаар бороор хийлгэхийг зөвлөдөг. Тэгэхээр хүмүүсийнхээ нүдийг хараад, юу хүсээд байгааг нь маш сайн ярилцаж сонсох хэрэгтэй. Ярилцахгүйгээр хийхээр энэ нь эргээд асуудал болдог. Хүмүүс фэйсбүүк юм уу зургаас  хараад, “Би ийм сормуус хийлгэнэ” гээд бариад ирдэг. Хийж болно. Гэхдээ тэр хүний нүдэнд зохихгүй байх магадлалтай. Тиймээс л сормуус артисттайгаа ярилцах хэрэгтэй.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү. https://www.dobu.mn/?p=37951

Ж.Байгалмаа: Хүүхдүүд дахин өөр төрлийн вирусээр өвчилж ирсээр байна

Томуу, томуу төст өвчний вирусийн дэгдэлт их байгаа энэ үед тус вирусээс хэрхэн сэргийлэх, мөн улбар шар түвшинд шилжсэн зарим аймгуудын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Байгалмаатай ярилцлаа. 

-Томуугийн тархалт ямар түвшинд явж байна вэ?

-Томуугийн улирал улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын эхээр эхэлсэн. Томуугийн тархалтын түвшинг тав ангилдаг. Тиймээс одоогоор идэвхжилтийн шат буюу хоёр дахь түвшиндээ явж байна.

-Томуугийн оргил үе гэж байдаг шүү дээ. Ихэвчлэн хэдэн сард илүү тохиолддог вэ?

-Томуугийн улирал жил бүр аравдугаар сарын дунд, арваннэгдүгээр сарын эхээр эхлээд, хамгийн оргил үе нь арванхоёрдугаар сарын сүүл нэгдүгээр сарын эхний 2-3 долоо хоног ажиглагддаг. Тэгэхээр өвчлөлийн нөхцөл байдал цаашдаа үргэлжлээд явна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү. https://www.dobu.mn/?p=37690

Ч.Сономдагва: Улаанбаатарын хөрс хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг судалгаагаар тогтоосон

Монгол Улсын их сургуулийн Инженер, технологийн сургуулийн захирал, доктор профессор Ч.Сономдагватай хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа. 

-Улаанбаатар хот хөрсний бохирдлын улмаас саарал хот болоод удаж байна. Хөрсний бохирдлын сөрөг нөлөөллийн талаар эхлээд ярихгүй юу? 

-Хөрсний бохирдол хүний, ялангуяа бага насны хүүхдийн хүртэх эрхтэн буюу гараар дамжиж, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг. Үүнд голдуу нянгийн бохирдлын асуудал яригддаг. Дараагийнх нь агаараас, эсвэл хог хаягдал гэх мэт төрөл бүрийн бодисууд хөрсөнд бууж, салхиар, хүн, машины хөдөлгөөнөөр агаарт дэгддэг. Энэ нь амьсгалын зам, хүртэх эрхтэн, арьсаар дамжиж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Ер нь хөрсний бохирдол нь эрүүл мэндээс гадна гоо зүй, өнгө үзэмж, соёлын талаасаа маш чухал асуудал. Хөрсний эвдрэл, бохирдлоос болж өвөл, хавар, зун, намаргүй л сааралтсан хот болчихоод байна шүү дээ.

-Монголд хөрсний бохирдолтой холбоотойгоор хийсэн судалгаа бий юү?

-Бид хөрсийг агаартай холбож судалж буй. Яагаад гэвэл хөрс нэг тусдаа, агаар бас нэг тусдаа асуудал биш. Өвлийн улиралд агаарын бохирдол маш их байна. Энэ тоос хаачиж байна вэ гэхээр зарим нэг хэсэг нь салхиар, агаарын шилжилт хөдөлгөөнөөр замхраад, алга болдог. Нөгөө хэсэг нь тодорхой хугацаанд агаарт дэгдсэний дараа хүндийн жингээрээ хөрсөнд буудаг. Ийнхүү гадаа байсан зүйл тоос болдог. Өвлийн цагт машинаа угаалгаснаас 1-2 хоногийн дараа л гэхэд буцаад тоос болчихдог. Энэ нь агаарт байгаа тоос тунах хэлбэрээр бууж байгаа үзэгдэл юм.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү. https://www.dobu.mn/?p=37278

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу