Нийслэлийн Захирагчийн ажлын албаны харьяа Хот тохижилтын газрын ажилчид ажил хаялт зарлахаар болжээ.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар захирамж гаргаснаар 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн Хот тохижилтын газрын ажилчдыг дүүргүүд рүү шилжүүлэх болсныг тэд эсэргүүцэж буй аж.

Энэ талаар Хот тохижилтын газрын ажилчид дараах байр суурь илэрхийлж байна. Тэд “Хот тохижилтын газар нь 800-гаад ажилчинтай байсан. Цомхотгосноор 400 болсон. Шуурхай удирдлагын алба буюу 00-ын ажилчдыг халсан. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Хот тохижилтын газрын 80-аад хувийг нь тарааж байгаа. Бидний хувьд яагаад дүүрэг рүү шилжихгүй гэж байна вэ гэвэл бидэнд дүүрэгт очиход ажлын байрны баталгаа өгөхгүй байна. Цалинг хангамжийг бууруулахгүй гэсэн баталгааг мөн давхар өгөхгүй байна. Дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний ажилчид сарын 850 мянган төгрөгийн цалинтай. Хэдэн төгрөгийг өр зээлэндээ өгч, хэдээр нь амьдрах вэ. Өнөөдөр бид эндээс гараад ажлын байр олдохгүйдээ биш сэтгэлтэйдээ хийдэг. Цэцэрлэгчин нь цэцэрлэгчнээ, зэтү нь зэтүгээ хийгээд явж байсан. Зүгээр ажлаа хийгээд явж байхад тушаал шитйдвэр гаргаад дүүрэг рүү шилжүүлж байгаа юм бэ гэдэг дээр удирдлагаасаа хариу хүлээж байна. Ямар хүмүүсийг нь дүүрэг рүү хуваарилж байна вэ гэвэл дандаа ажилчдыг хуваарилаад албан тушаалтнууд нь нийслэлдээ үлдэж байна. Бид дарга болъё гээгүй. Хөхөө өвлийн хүйтнээр гараараа цас нүдээд л зам харгуйгаа цэвэрлэдэг. Бид үүрийн 06.00 цагаас 16.00 цаг хүртэл ажилладаг. Гэтэл арваннэгдүгээр сарын 29-нд Чингис хааны мэндэлсэн өдөр та бүхнийг амраана гээд тэр их хүйтэн өдөр 18 цагаар сунгаж ажиллуулсан. Үүрийн 06.00 цагаас шөнийн 24.00 цаг хүртэл ажилласан. Бүх ажилчид нүцгэн гараараа тэр их мөс цасыг нүдэж цэвэрлэсэн. Техник төхөөрөмж өгдөггүй. Сошиалд техник төхөөрөмж өгчихсөн юм шиг, техник нь хангалттай юм шиг сурталчлаад байдаг. Бодис цацаад, давс цацаад ч бид наргүйгээр энэ зам халтиргаанаасаа салахгүй шүү дээ. Хүрзээ, жоотуугаа бариад үүрийн 06.00 цагаас үдшийн 24.00 цаг хүртэл ажиллаж байна. Мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүсийг дүүрэг рүү шилжүүлэх нэрийн дор цомхотгох гээд байна. Ингэж байхын оронд ажилгүйдлийн тэтгэмжээ өгчих. Зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмжээ өгчих. Бид өөрсдөө ажлаа олъё. Нийслэлийн удирдлагууд солигдож л байсан, бид нарыг ингэж ажилгүй болгоогүй” гэлээ.

Тэдний зүгээс ирэх долоо хоногийн Даваа гаригаас дараа, дараагийн арга хэмжээг авахаа илэрхийлээд байгаа юм.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу