Тэд ингэж л эрх барьж байна. Суух автобусгүй, амьсгалах агааргүй, машиндаа балга бензингүй, гэртээ цог цахилгаангүй, улсынх нь иргэд өрөнд баригдаж, улстөрчид нь хулгай, луйварт холбогдож, иргэдээ “бядгүй масс” хэмээн тавлах аж. МАН-тай хүчээ нэгтгэсэн ард түмний сонсох л ёстой үг. Сонголт бүрийг иргэд өөрсдөө хийсэн. Хонзогнож хэлсэн, хорлонт үг энэ болой.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэл ард түмнийг “Улныхан” гэж хэлээд, сайдын суудлаасаа огцорч байсан бол Хотын даргаар томилогдоод, хоёр сар болж байгаа Х.Нямбаатар ард түмнээ гарц шийдэлгүй “бядгүй масс” хэмээн зүхэв.

Өнөөдрийн хоол ундаа залгуулах гэж зүдэрч яваа иргэд гарц шийдэл гаргах албагүй. Хоолгүй иргэдээс ямар гарц нэхээд байгаа нь ч мөн ойлгомжгүй. Гарц шийдэл гаргах гэж суудалд нь тухалж, ямбыг нь эдэлж байгаа хүмүүс эрх баригч намын дарга даамлууд юм шүү дээ.

Өнөөдрөөс 11 жилийн өмнө Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд Э.Бат-Үүл тээврийн хэрэгслийг тэгш, сондгой зорчуулах журам гаргаж байсан. Түүнээс хойш нийслэлийн түгжрэлийг бууруулахад ямар ч шинэ алхам, шийдэл хийгдээгүй гэдгийг өнгөрсөн өдрүүдийн авто замын түгжрэл харуулж байгаа юм.

МАН-ынхан сүүлийн долоон жил засаглаж, нийслэл хотыг удирдахдаа чиг үүрэг хариуцсан сайдтай болгож ч үзэв. Харамсалтай нь гаргасан шийдвэр нь 11 жилийн өмнөх тэгш, сондгойгоор тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулахаар зохицууллаа гэсэн мэдэгдэл байв.

Улны хэмжээнд амьдарч байхад нь Д.Сарангэрэл “Улныхан” гэж хэлэхэд ард түмэн жагсаал цуглаандаа хүрэх дөхсөн ч мартсан. Өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ард түмнээ “Бядгүй масс” хэмээн тавлаж байгаа нь тэр хүн хэн бэ гэдгийг харуулж байна.Тэд бядтай учраас иргэд суух автобусгүй, амьсгалах агааргүй, зам нь түгжрэлтэй, улсаараа ул болж, бензин шатахуунгүй, нүүрсний хулгайтай, Хөгжлийн банкны тонуултай байгаа юм уу.

Ингэж зүхүүлж суугаа ард түмний ч буруу бий. Дэндүү хүлцэнгүй, ноомой, өгсөн тав гурван төгрөгөөр нь санал өгсөөр байгаад тэднийг давраачихсан юм. Ирэх зун иргэд “Улныхан”, “Бядгүй масс” гэдгээ ойлгож, 2024 оны сонгуульд өгөх саналаа сайтар бодолцох шаардлага ч урган гарч ирж байна. Ард түмэн тэднийг ингэж амьдралаас тасартал нь дэмжсэн байна. “Бядгүй масс” бяраа харуулах цаг зургаан сарын дараа…

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу