“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарыг лайв хийж, олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэсэн гэж үзэн торгожээ.

Тодруулбал, А.Отгонбаатар нь 2023 оны нэгдүгээр сарын 09, 20 –ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд очиж, өөрийн цахим хаягаас “live” буюу шууд дамжуулалт хийх үедээ тодорхой бус шаардлага гаргаж, шүүгчийн сонгон шалгаруулалт явагдаж байгаатай холбогдуулан шаардлага тавьсан албан хаагчдыг үг хэлээр доромжлон олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг илтэд үл хүндэтгэж танхайрах зөрчил үйлдсэн гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Улмаар шүүхээс Зөрчлийн тухай хуульд зааснаар А.Отгонбаатарын дээрх үйлдлийг олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрах зөрчлийг үйлдсэн гэж үзэж торгох шийтгэл оногдуулсан байна. 

Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо  чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй гэж баталгаажуулсан. Гэхдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг эдлэхдээ бусдын эрх нэр төрийг хүндэтгэх, нийгмийн дэг журам, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууныг хамгаалах үүднээс бусдын эрхэд хүндэтгэлтэй хандах үүрэгтэй байдаг.   

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу