Хойд Солонгос Японы тэнгис рүү тив алгасах баллистик пуужин (ICBM) харвасан талаар БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабын дарга нарын хорооны мэдээллээс иш татан “Yonhap” агентлаг уламжлав.

Сөүлийн мэдээлснээр, арванхоёрдугаар сарын 18-ны өдөр орон нутгийн цагаар 08:24 цагт Пёньяны ойролцоох бүс нутгаас алсын тусгалтай баллистик пуужин харвасан байна. Тус хорооноос АНУ, Японтой мэдээлэл солилцож, бүрэн бэлэн байдалд байгаа талаар нэмж мэдэгджээ.

Хэрэв дээрх мэдээлэл батлагдвал Пёньян 2023 онд тав дахь удаагаа ICBM пуужин хөөргөсөн үйлдэл болно гэж тус агентлаг тэмдэглэв. Энэ нь жилийн дээд амжилт болох юм. Өмнө нь өнгөрсөн долдугаар сарын 12-нд ICBM-ийг хөөргөж, хатуу түлшээр ажилладаг “Hwasong-18” пуужинг туршсан.

“Yonhap” агентлагийн таамаглаж буйгаар, энэ удаад хөөргөсөн пуужин нь АНУ, БНСУ-ын наймдугаар сард зохион байгуулагдах “Улчигийн эрх чөлөөний бамбай” сургуулилтын хөтөлбөрт цөмийн зэвсгийн сургуулилт оруулах төлөвлөгөөг эсэргүүцсэн хэрэг байж магадгүй аж. Талууд АНУ-д арванхоёрдугаар сарын 15-нд болсон цөмийн төлөвлөлтийн бүлгийн хоёрдугаар хурлын үеэр энэ талаар тохиролцсон байна.

Хойд Солонгос арванхоёрдугаар сарын 17-нд тус уулсын нийслэлийн бүс нутгаас ойрын тусгалтай баллистик пуужин харвасан. Өмнөд Солонгосын армийн мэдээлснээр, тус пуужинг орон нутгийн цагаар ойролцоогоор 22:38 цагт хөөргөсөн бөгөөд 570 орчим км зам туулж, Япон тэнгист унасан байна.

Эх сурвалж: YONHAP
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу