Авлигатай тэмцэх газраас /АТГ/ нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлж буй талаар өнөөдөр /2023.03.14/ мэдээллээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн “Нэр бүхий УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад зарим гишүүний бүрэн эрхийн асуудлыг хөндөх шаардлагатай болж байна.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь саад болж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Прокурорын байгууллагад хүргүүлж байна.

Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан байгаа. 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй. Гэхдээ УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байсан учраас АТГ-аас Ж.Мөнхбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлэх шаардлагагүй, УИХ чөлөөлөх байх гэж харж байна” гэлээ. 

Сануулахад, УИХ-ын дараах гишүүдийг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад буй юм.

  1. УИХ-ын гишүүн А.Адъасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт,
  2. УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  3. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,
  4. Н.Наранбаатар улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,
  5. Б.Энх-Амгалан улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,
  6. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг үндэслэлээр эрүүгийн хэргийн зүйл ангиар яллагдагчаар татагдаад байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу