Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлыг сонсож байна.

Шинжээчийн танилцуулснаар, 246 тээвэрлэгч компани 52 мянган удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргажээ. Үүн дотор Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны дарга Б.Батдаваагийн хамаарал бүхий есөн компани багтжээ.

Тодруулбал, түүний эхнэр Ц.Амгалангийн хамаарал бүхий “Эко глобал ложистик”, “Шанхын хэц”, “Алтаннууц”, “Цэцийгуа”, “Дэлгэрэхцагаан овоо”, “Аранзал Алаг”, “И коммодитс монголиа интеллижент ложистик”, “Хансахиус”, “BB транс” зэрэг компаниуд нийт 1 сая 157 мянга 952 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргажээ.

Эл асуудлаар ҮСХ-ны дарга Б.Батдаваа болон түүний эхнэр Ц.Амгаланг гэрчээр дуудаж, асууж байна.

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Таны хамаарал бүхий компаниуд нийт 1 сая гаруй тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр хил гаргасан байна. Энэ асуудлаар таны тайлбарыг сонсъё.

ҮСХ-ны дарга Б.Батдаваа: Сая танилцуулагдсан компаниуд дээр би болон манай гэр бүлийн хүний хөрөнгө, хувьцаа эзэмшдэг зүйл байхгүй. Манай эхнэр хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан нь. Тээврийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын талаар надад мэдэх зүйл алга. Би эдгээр компаниудын үйл ажиллагаанд оролцдоггүй. Миний нэгдмэл сонирхол, хөрөнгө оруулалт эл компаниудад байхгүй. Тиймээс компаниудаас нь тодруулах нь зүйтэй. 

Б.Энхбаяр: Таны төрсөн дүүгийн нэр дээр 481 “C” зөвшөөрөлтэй, гаалийн бүрдүүлэлтгүйгээр 130 мянган тонн нүүрс тээвэрлэсэн гэх “Цэцийгуа” компани байна. Эл компанийн Гүйцэтгэх удирдлага Батмөнхийн Сувддэлгэр гэж таны төрсөн дүү юу?

Б.Батдаваа: Мөн. Гэхдээ гүйцэтгэх удирдлагаар нь саяхан ажилд орсон.

Б.Энхбаяр: Аравдугаар сарын 2.

Б.Батдаваа: Тийм.

Б.Энхбаяр: Таны төрсөн эцэг Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Х.Баатар гэж үнэн үү?

Б.Батдаваа: Намайг Батмөнхийн Батдаваа гэдэг. Энэ сонсголоор яагаад ийм асуудал яригдаж байгааг ойлгохгүй байна. Хувь хүний асуудлыг хүндэтгэж үзэхийг хүсье.

Шинжээч: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын нэгдсэн архиваас харахад, ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн төрсөн эцэг нь Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатар мөн.

Б.Батдаваа:  Шинжээчид юмаа сайн нягтлаасай гэж хүсэж байна. Би мэдээ орсон цагаасаа Батмөнхийн Батдаваа байсан. Миний аав 2002 онд зам тээврийн ослоор нас барсан. Энэ яригдаж байгаа асуудалтай би шууд хамааралтай бол хариулахад бэлэн байна. Шаардлагатай гэвэл иргэний үнэмлэх, төрсний бүртгэлийн гэрчилгээ, аав ээжийнхээ зургийг үзүүлэхэд бэлэн байна. Миний эцэг, эхийг хүндэтгэнэ үү.

Б.Энхбаяр: Таны эхнэр Ц.Амгалангийн хамаарал бүхий компаниуд нэлээд танилцуулагдлаа. Ц.Амгалангийн эцэг буюу таны хадам аав Цэрэнпүрэв гэж Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн мөн үү?

Б.Батдаваа: Мөн. Манай хадам аавыг Цэрэнпүрэв гэдэг. Урьд нь ийм ажил хийж байсан гэж сонссон. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

         

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу