Энэ удаад бидний санааг хамгийн их зовоодог зүйлсийн нэг болох үс засалт, хуйх арчилгаа болон бусад асуудлаар “Amanda beauty salon”-ны үсчин Э.Алтанцэцэгтэй ярилцлаа. 

-Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Хүний үс ямар байхаас царай төрх ихээхэн шалтгаалдаг. Таны үйлчлүүлэгчдэд хамгийн их тулгардаг үсний асуудал юу байна вэ?

-Өнгөний сонголтоо сайн мэдэхгүй үсчнээсээ асуудаг. Сүүлийн үед сошиал хөгжсөн учраас тэндээс харсан өнгөө асууж орж ирж байгаа нь нэг төрлийн давуу тал болж байна. Түүн дээр нь тулгуурлаад тухайн хүний үсэнд ямар өнгө зохицох талаар ярилцахад амар болсон. Тиймээс тулгамдаж байгаа асуудал харьцангуй бага байдаг.

-Нүүрний хэлбэр, арьсны өнгөнөөс хамаарч тухайн хүнд тохирох үсний засалтыг хийх хэрэгтэй байдаг шүү дээ. Та үйлчлүүлэгчдэдээ энэ тал дээр хэрхэн зөвлөдөг вэ?

-Нүүрний хэлбэр болон үсний өнгө хамт явдаг. Тийм учраас ихэвчлэн тухайн үйлчлүүлэгчтэйгээ уулзаад, арьсны өнгийг ярилцана. Жишээлбэл, нүүрний хэлбэр дээр нь тохируулаад шаргал хэр нь богинохон тэгш тайралт байвал өргөн нүүртэй хүнд зохихгүй. Нүүрийг нь илүү өргөн харагдуулдаг учраас түүн дээр ярилцаж сонгоно гэсэн үг. Монгол, ази нүүр бөөрөнхий, ихэвчлэн хацар, шанаа томтой, хавтгай дагзтай байдаг. Тийм учраас богино тайралтуудыг харж байж зохицуулан хийхгүй бол ихэнхдээ зохидоггүй. Харин уртавтар үснүүд зохимжтой байдаг. Яг тэгшхэн урт үс дагзан хэсэг нь хавтгай болохоор шалчийж унаад, зохимж муутай байдаг учраас үснийх нь бүдүүн нарийн ширхэгээс хамаарч бас хэлбэрээ сонгодог.

-Зөвхөн үснээс гадна хуйхаа арчлах нь хамгийн чухал. Хуйхаа хэрхэн арчлах талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Сүүлийн үед хүмүүс хуйх цэвэрлэгээг илүү мэддэг, хийлгэдэг болсон. Хуйх цэвэрлэгээг үнэхээр асуудалтай хуйхтай бол хамгийн ойрын хугацаанд хоёр долоо хоногт нэг удаа хийнэ. Асуудалгүй хуйхтай бол сард нэг удаа хийх боломжтой. Яагаад гэвэл хуйх цэвэрлэгээг ойрхон хийвэл хуйх гэмтэж хуурайших, эсвэл илүү тослогтдог учраас хуйхаа оношлуулаад, үсэн дээрээ тохируулж хийлгэнэ гэсэн үг.

-Үс, хуйхны өвчлөл юунаас болж үүсдэг вэ?

-Хуйхны өвчлөл хуурайших, тослогтох гэсэн хоёр төрлийн өвчлөл гарч ирдэг. Хуурайших нь олон төрлийн үсний өвчлөлийг бий болгодог. Үс хуурайшихаар хугарч, өнгөө алдаж, салаалж унана. Мөн үүнээс гадна хагтах, загатнах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тослог гэмтэл нь том товруутай хагталт үүсгэн, хэт амархан тослогтож, тааламжгүй үнэр ялгардаг. Хуйхны цэвэрлэгээ хийхээс гадна үсний угаалтыг маш зөв хийх ёстой. Өдөр тутмын өөртөө хийдэг зүйл нь угаалт байдаг учраас угаалтаасаа шалтгаалж хүний үс бохирдож, гэмтдэг гэсэн үг. Хэтэрхий ойрхон, өдөр бүр үсээ угаах нь үсийг гэмтээх гээд байдаг.

-Үсээ гэмтсэнийг хэрхэн мэдэх боломжтой вэ?

-Нүүрний арьсыг бодвол үсний харагдах байдал мэдэгдэхүйц юм. Жишээлбэл, соронзлогдож өнгөө алдах, угаасаа тослогтох гэх мэтээр мэдэгддэг. Хамгийн наад зах нь хувцас өмсөх, самнахад соронзлогдож, үсний үзүүр арзайдаг. Үс нь хуурайшсанаараа салаалж байна. Түүнээс чийгшил ихтэй, тослог үс салаалдаггүй. Үсний салаалалт нь зөвхөн үсний үзүүрт явагддаг. Хэрэв тэгшхэн тайралттай бол үзүүрийн хэсгийн бүх үс салаална. Харин шаталсан тайралттай бол дээд хэсгийн шаталсан богино үсний үзүүр салаалсан байна гэсэн үг.

-Үсээ хэрхэн арчилж хамгаалах вэ? Ямар үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэвэл илүү зохимжтой вэ?

-Монгол жилийн дөрвөн улиралтай, хуурай уур амьсгал ихтэй учраас үс, арьсыг гэмтээх гээд байдаг. Тиймээс гадна болон дотор талаас заавал чийгшил нэмэлтээр хэрэг болдог. Үсэндээ тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэсэн үг. Мөн дээрээс нь хуурай уур амьсгалтай оронд хүйтэн үед нойтон үстэй гарснаар маш хурдан хуурайшиж, хугардаг. Жишээлбэл, гаднын оронд үсээ өдөр болгон угааж, сэнсдсэн ч сүртэй гэмтэл учирдаггүй бол Монголд эсрэгээрээ гэсэн үг. Тийм учраас амьдарч байгаа газрынхаа уур амьсгалд тохируулан арьс, үсээ арчлах хэрэгтэй. Нүүрний арьсыг нарны тос түрхэж хамгаалдаг бол үсэнд зориулалтын чийгшүүлэгч хэрэглэх, малгай өмсөх зэргээр хамгаална. Мөн нарнаас хамгаалдаг зориулалтын будгууд бас бий. Буддаг хүмүүс тиймэрхүү будгийг сонгож болно. Түүнээс будаггүй бол заавал ийм будаг хэрэглэх шаардлагагүй.

-Гэрийн нөхцөлд хэрхэн хуйхны цэвэрлэгээ хийх вэ?

-Гэрийн нөхцөлд бүх төрлийн шампуниар 70 хүртэлх хувийн хуйхны цэвэрлэгээ хийж болдог. Зориулалтын ямар нэгэн шампунь, аппарат ашиглахгүйгээр хуйхны цэвэрлэгээ хийх боломжтой. Үүний тулд эхлээд нэг удаагийн угаалтаар үсээ маш сайн хөөсрүүлж угаагаад түүнийгээ усаар зайлна. Үүний дараагаар дахиж шампуньдна. Ингээд хоёр дахь удаагаа угаахаар үс маш сайн хөөсөрдөг. Тэр үед 5-10 минут хөөстэй нь үлдээдэг. Хөөсний бөмбөлгүүд алга болохоор нь угаах хэрэгтэй. Тэгэхээр тэрхүү хөөс үсний угаас бохирдлыг татаж гарган цэвэрлэдэг. Энэ нь маш үр дүнтэй арга юм.

-Зарим хүмүүс шампунийг ангижруулагчтай нь хамт хэрэглэх хэрэгтэй гэдэг. Энэ зөв үү?

-Ангижруулагчтай шампунь надад тохиромжгүй санагддаг. Энэ хоёр өөр төрлийн бүтээгдэхүүн юм. Шампунь үсийг бохирдлоос нь салгадаг бол ангижруулагч загасны хайрс шиг үсний давхаргыг хумьж өгөх үйлчилгээтэй. Тиймээс хамт хэрэглэх нь тохиромжгүй. Үсээ угаасныхаа дараа ангижруулагчаар гэмтэлтэй, салаалсан, арзайсан үсний давхаргыг нь хумих зорилгоор үсний дунд хэсгээс үзүүрт нь хэрэглэх хэрэгтэй.

-Сүүлийн үед хөгшин, залуу, хүүхэд гэлтгүй ихэнх хүмүүст цагаан үс их ургах болжээ. Энэ нь ямар шалтгаантай байдаг юм бол?

-Цагаан үс маш олон шалтгаанаас бий болдог. Энгийн ойлгомжтой шалтгаанууд нь стресс, ядаргаа, ажлын ачаалал, хичээл, хоол хүнс, уур амьсгал, амин дэмийн дутагдлаас ч бий болж болно.

-Цаг заваа гаргаж ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. 

Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу