Монголын волейболын анхны эмэгтэй легионер тамирчин Гантогтохын Хандсүрэн. Тэр салбарынхаа болж бүтэхгүйг шуудхан хэлчихдэг болохоор ч тэр үү энэ жилийн Үндэсний дээд лигт оролцож чадсангүй. Түүнийг оролцуулсангүй. 

Тодруулбал, Г.Хандсүрэн энэ жилийн лигт “Ховд Ижил Алтайн Барс” клубээс нэг тоглолтод оролцоод, дахин талбайд гараагүй. Шалтгаан нь, түүнийг гаднын легионер тамирчидтай адил түвшинд гадаадад тоглодог учир Дээд лигт легионер тамирчнаар оролцох шаардлага тавьсан. Ингээд тэр легиенороор оролцохоор бүртгүүлсэн боловч “Монгол хүн өөрийн улсдаа легионероор тоглох боломжгүй” хэмээн хассан юм.

Үндэсний дээд лигийг энэ жил өнжсөнтэй нь холбогдуулан олон хүн түүнээс “Волейболоос зодог тайлж байгаа юм уу” гэж асуусан гэнэ. Мэдээж тэр орхиогүй, волейболын сургалт явуулан, хажуугаар нь хувийн бэлтгэлээ хийж, гадагшаа явахаар зэхэж эхэлжээ. 

Түүнийг сургалтаа явуулж байх үед нь уулзаж, яриа өрнүүлсэн юм.

-Лигт тоглохгүй байгаа болохоор харьцангуй завтай байх гэж бодтол сургалт ороод, их завгүй яваа юм байна?

-Тийм ээ. Монголдоо ирээд сургалт явуулна гэж боддог байлаа. Жилийн өмнө ярьж байсан сургалтаа саяхан нээсэн. 

-Сургалтаа хэзээнээс орж эхлэв?

-Хоёр сар болж байна. Насанд хүрэгчид болон хүүхдийн анги нээсэн. Насанд хүрэгчдийн ангийнхан маань хоёр сарын өмнө юу ч мэддэггүй байсан бол өнөөдөр доороос авдаг, давуулалт хийдэг, холболт довтолгоо гэдгийг мэддэг болчихлоо. Залуусынхаа сурч байгааг хараад урамшаад л байна.

Хүүхдийн ангийнхаа эхний хичээлийг өнөөдөр /2023.12.17/ орлоо. Волейбол бол унаж сурах ёстой спорт. Бөмбөгийг унагахгүйн тулд доогуур нь өөрийгөө “дэвсэх” шаардлага гардаг. Тиймээс хүүхдүүддээ өнөөдөр уналтын техник зааж үзлээ. 

-Таныг сургалт явуулахыг олон хүн хүлээсэн байх. Нээхээр болсноо албан ёсоор зарлахад хичнээн хүн хандсан бэ?

-Жилийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө волейболын сургалт нээх талаараа ярьсан юм. Ярилцлагын дараа сургалтаа хэзээ нээх вэ гэж маш олон хүн бичсэн. Өнгөрсөн жил лигийн дундуур хүртэл “Сургалтаа явуулах юу болсон бэ”, “Хэлсэндээ хүрээч ээ” гээд хэсэг загнуулсан юм. Шигшээ багийн бэлтгэлдээ яваад эхлэх үед жаахан намдсан. 

Хоёр сарын өмнө сургалтаа нээх тухайгаа фэйсбүүк хаягтаа оруултал чат маань “дэлбэрчихсэн”. Би өмнө нь ийм зүйл хийж үзээгүй. Бүх мэдээллээ тодорхой бичихгүй бол хүмүүс нэг бүрчлэн асуудаг юм билээ. Зуу зуун хүн “Манай охин/хүү чам шиг тамирчин болохыг хүсдэг. Сургалтад чинь явуулмаар байна” гэж бичсэн. Тийм учраас шалгаруулалт зарласан юм. 

Би багадаа волейболыг орхингоо алдсан хүн. Аав, ээж хоёр маань “Эмэгтэй хүүхэд хичээлээ хийх хэрэгтэй, юун бөмбөг хөөх вэ” гээд л загнадаг байлаа. Тэр хоёртоо хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хичээлээ сайн хийж, хажуугаар нь бэлтгэлдээ ч явдаг болсон. Намайг хичээл зүтгэл гаргаж байгааг аав, ээж хоёр маань хараад аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч байсан юм. Өөрөө ийм зам туулсан болохоор зүтгэлтэй, шартай хүүхдүүдийг сургалтдаа авахаар шийдсэн. Энэ удаад хамрагдаж байгаа хүүхдүүдийг яг л тийм гэж харж байна. Хүүхдүүдээ эхний ээлжинд гурван сар бэлдэнэ. 

Мөн долоо хоногт нэг удаа танхимын хичээл орж байна. Үүгээр цаг, нойр, хоолоо хэрхэн зохицуулах зэрэг хувь хүний хөгжлийн талаар заана. Бас дүрмийн хичээлүүд ордог.

-Багш, дасгалжуулагч мэргэжлээрээ анх удаа ажиллаж байна уу?

-Тийм ээ.

-Өөрийгөө тамирчнаар биш багшаар мэдрэх ямар байна вэ?

-Манай насанд хүрэгчдийн ангид 40 гаруй настай ах, үеийн найз, 17-той дүү нар бий. Хүүхдийн ангийн жаахан дүү нар ч байна. Энэ хүмүүс бүгд намайг “багш” гэж хүндэлнэ гэдэг маш сайхан, үгээр хэлшгүй. Саяхан надад багш нарын баярын мэнд хүргэхэд нь “Нээрээ би чинь багш бил үү” гэж бодсон. Гоё юм билээ. Нөгөө талаас маш их хариуцлага мэдэрдэг юм байна. Энэ бүх хүн миний зааснаар явах учраас техникүүдийг маш анхааралтай зааж, өөрсдөөр нь бүхнийг хийлгэхэд анхаарч байна.

-Сургалтаа цаашид явуулсаар байх уу?

-Аливааг хийхээсээ өмнө зарлахаар амлалт өгчихсөн мэт дарамт мэдэрдэг юм билээ. Тийм болохоор дахин элсэлт авахаар бол тухайн үедээ зарлана. Гадагшаа тоглох урилгууд ирсэн. Тиймээс хувийн бэлтгэлдээ мөн анхаарч байна. Бүхнийг зэрэг амжуулах гээд л үзэж явна. Ямартай ч, сургалтынхаа эхний элсэлтийг дуусгаж, суурийг нь тавьчихаад ниснэ дээ. Нууц задлахад, дасгалжуулагчийн анги нээхээр бэлтгэж байна. 

-Хаашаа явах гэж байгаа вэ?

-Одоохондоо нууц. Европын нэг, Азийн хоёр орноос гэрээ байгуулах санал ирсэн. Нэлээд сайн бодож байж шийднэ. Гадагшаа явбал намайг Хандаа гэж харахгүй, Монголын тамирчин гэж харна. Тиймээс бэлэн болсон үедээ явна. Бэлэн биш байхдаа гэрээ хийгээд, “шал арчаад” байж болохгүй. 

-Японы багаас ирсэн саналаас татгалзаад, Монголынхоо Үндэсний дээд лигт оролцохоор төлөвлөсөн. Гэтэл таныг оруулаагүй шүү дээ. Япон руу яваагүйдээ харамсаж байна уу?

-Би Японд найман жил амьдарсан. Тайван, Филлипинд тоглосон. Азийн волейболын холбоотой мэйлээр холбогдож үзсэн тамирчин. Бүх зохицуулалт нь тодорхой, хариуцлагатай орчинд явсаар Монголдоо хүрээд иртэл их сонин байдалд орчихлоо. Нийгэм хооронд шилжих гэж хичээж л явна. Гадны оронд бол хариуцлага, бас дахин хариуцлага шүү дээ.

Тоглуулна гэчихээд болиулж байгаа нь тэр хүмүүсийн хариуцлагын асуудал. Г.Хандсүрэнгийн энэ улиралд хийх байсан гэрээ, гадагшаа явах байсан карьерыг хэн хариуцах вэ. Мөнгө санхүүгийн асуудал огт биш. Хамгийн гол нь би цаг хугацаагаа алдчихлаа.

Гэхдээ үүнд гомдож, гоншигонохгүйгээр хийх ёстойгоо хийгээд явж байна. Энэ жил лигтээ тоглосон бол лигийн хажуугаар сургалтаа аваад явах байлаа. Тоглоогүй учир сургалт руугаа гол анхаарлаа хандуулсан. Миний хийх ажил хоёр дахин урагшиллаа гэж бодож байна.

-Сэтгэл зүй хүнд байв уу?

-Энэ зуныг Монголдоо өнгөрөөхдөө олон сайхан найзтай болсон. Найзуудаасаа “Хүн өөрөөсөө” гэдэг үгийг их сонссон. Юу ч болсон би муухайгаар бодвол муухай л байна. Сайхнаар бодвол сайхан л байна. Мууг нь бодож стресстэх үү, сайныг нь бодож гэрэлтэх үү гэдэг миний өөрийн сонголтын асуудал. Тиймээс би энэ удаагийн асуудлыг бусад тамирчдад маань анхааруулга болж, “шүгэл үлээсэн” болов уу гэж бодож байна. Гадаадад байх 10 жилийн хугацаанд надаас маш их сэтгэлийн тэнхээ шаардсан. Тиймээс энэ бүхнийг хүндээр тусгаж авахгүй, давахыг хичээж байна.

-Нэг тоглоод, дахиж талбай дээр гарч ирээгүй санагдаж байна. Яагаад тоглохгүй байгааг нь олон хүн асуусан байх?

-Тийм. Нэг хэсэгтээ л чат, комментод дарагдсан. “Гуравдугаар тойргоос буцаад тоглох уу” гээд одоо хүртэл хүмүүс асууж л байна. Үүнд надад хэлэх үг алга. Хэрхэхийг мэдэхгүй. Намайг хайж, үгүйлж байгаа хүмүүст маш их баярлалаа гэж хэлье. “Шигшээ багаас гарчихсан уу”, “Волейболоос зодог тайлчихсан уу” гээд л хүмүүс асууж байна. Зүгээр л нэг удаагийн завсарлага авч, тархиа амрааж байна. Түүнээс биш шигшээ багтаа байгаа хэвээр. Ирэх жилийн долдугаар сард Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцоно.

-Ирэх жилийн лигт оролцох уу?

-Хэлж мэдэхгүй. Ирэх жилийн лиг хүртэл урт хугацаа байна. Дөхөж байгаад клубүүдтэй гэрээ ярина.

-Өнгөрсөн наймдугаар сард “VTV cup”-д Монголын баг зардалгүйн улмаас оролцож чадахгүй болсон гэж гаднын пэйжид мэдээлэл гарч байсан. Тэр үед та мэдээллийг нь фэйсбүүктээ хуваалцаж, шүүмжлэл бичиж байсан санагдаж байна. Би ч тухайн үед сэтгүүлчийнхээ хувиар Монголын волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхнарангаас тодруулж байлаа. Энэ мэтээр таныг холбоогоо шүүмжлээд байсан учир лигт оролцуулаагүй болов уу гэж хардах хүмүүс байна?

-Волейболын холбоотой маргасан зүйл огт байхгүй. Би шүүмж хэлж, хувь хүний үзэл бодлоо илэрхийлсээр байх болно. Тэр хүмүүс хүлээж аваад ажиллах эсэх нь өөрсдийнх нь шийдвэр.

-Таныг лигт оролцуулаагүйг эсэргүүцэж, дуугарч байгаа хүн ховор санагдсан. Тамирчидтай хэр харилцаатай байгаа вэ?

-Тамирчидтай харилцаа муудсан гэж бодохгүй байна. Гэхдээ би шүүмж их хэлдэг учир эргэн тойрныхноо шүүмжилж байгаа мэт харагддаг байх. Шүүмжлэлийг минь өргөн цар хүрээтэй харах хэрэгтэй шүү. Хажууд байгаа хүнээ шүүмжлээд байна гэдэг утгаар биш, ерөнхийдөө волейбол ийм зүйлээ засаж, ингэж өөрчлөх хэрэгтэй гэж бодож л бичдэг юм. Надад гомдож, эмзэглэсэн хүн олон байх. Эсрэгээрээ “Чи яг бодож байсныг минь хэлчихлээ шүү” гэдэг хүмүүс ч байна. Гомдоосон хүн байгаа байх, баярлуулсан хүн ч бий болов уу. Хэлсэн бүхнийг маань зөв талаас нь харж, зөөлөн хүлээж аваасай. Нөгөө талаас би өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй гэж бодсон. Хүмүүстэй ямар үг ашиглаж, яаж харьцах талаар бодно. Шууд шүүмжлээд байх нь зөв үү, буруу юу. Энэ талаар эргэцүүлж, өөртэйгөө ажиллана. 

-Японоос ирснээс хойш шүүмжлэлтэй хандаад эхлэхэд нь “Олон улсад тоглосон гээд Хандаа өөртөө бардаад байна шүү. Монголчуудаа доош нь хийгээд байна” гэж харах хүмүүс байсан байх?

-Тухайн хүний үйлдлээс юу авч, ямар үйлдэл хийж байна гэдэг хамгийн чухал. Жишээлбэл, Хандаа өнгөрсөн жил Монголд ирээд, олны анхаарлын төвд орохдоо волейболын спортыг сурталчилъя л гэж бодсон. Тэр хэрээр одоо хүмүүс волейболыг нэлээд ойлгодог болсон. Миний зорилго биелсэн гэж бодож байна. Ер нь аливаад бага зэргийн драма байх ёстой. Шүүмжлэхээр л наадахаа устга гээд байвал хэцүү. Би тэрийг нь дааж чадна гэж бодсон юм шиг байгаа юм.

Уг нь хөгжмөөр байгаа бол “өлөн” байх ёстой. Шүүмжилж буй хүнийг хэн байхаас үл хамаарч амнаас нь гарч буй үгийг нь зөвөөр хүлээн авч, хэрэгжүүлэх хэрэгтэй. Тийм хандлага байхгүй бол яаж ч харсан би өөрийгөө л ярьдаг, “попордог” нөхөр харагдана. 

Мөн Монголын волейболд энтертаймент дутаад байгаа мэт санагдаад, таван жилийн өмнөөс фэйсбүүк хуудас хөтөлж эхэлсэн юм. ОУХМ А.Даваажаргал, ОУХМ М.Цэрэнбаатар гээд ах нартайгаа ярилцлага хийж, цацсан. Эмэгтэй тамирчид, шүүгчидтэй ч хэд хэдэн ярилцлага хийсэн. Гэтэл хүмүүс яг тийм зүйлээр “өлсчихсөн” байж таараад, өндөр хандалт авсан. Үүнээс урам авч, Японд сурсан зүйлээ эх орондоо нутагшуулахыг өдөр бүр хичээж ирлээ. Гэтэл Монголын хөрсөнд буухгүй зүйл гэж байдаг юм байна. 

-Тухайлбал?

-Нэг инээдтэй түүх бий. 2018 онд би Японд их сургуульд орчихсон байхдаа Монголынхоо шигшээ багт тоглохоор ирсэн юм. Тэр үед дасгалжуулагч маань надаас “Танайх ямар бэлтгэл хийж байна вэ” гэж асуусан. Тэгэхэд нь би баярлаад л “1.5 км-т хурд хийгээд, 6 минут 10 секундэд орж ирэх ёстой байдаг” гэх мэтээр Японд ордог бэлтгэлийнхээ талаар ярьж өгсөн. Гэтэл түүнийг нь бэлтгэл дээр хийлгэчихдэг юм даа. Тэгэхээр манай шигшээгийн охид над руу эвгүй харц “чулуудаж” байгаа юм. Би тэрийг нь их инээдтэйгээр хүлээж авч, багшид юм хэлэхээ больё гэж бодсон. Өөрсдийн системээрээ бэлтгэл хийж байхад нь Японы системийг зүсэж оруулж ирж болохгүй юм билээ. 

Б.ХОНГОРЗУЛ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу