Dobu.mn сайт аудитын байгууллагын хамгийн сүүлд хийсэн тайлан мэдээллүүдээс цувралаар хүргэхээр бэлтгээд байна. Энэ удаа бид Үндэсний аудитын газраас “Хөдөө аж ахуйн салбарын зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөж” сэдвээр хийсэн аудитын дүгнэлтийг онцоллоо.

Аудитаар нийт 56.8 тэрбум төгрөгийн 58 зөрчил илрүүлж, 52.5 тэрбум төгрөгийн зөрчил арилгуулах 41 албан шаардлага, 4.2 тэрбум төгрөгийн зөрчил арилгуулах 17 зөвлөмж өгчээ.

Өдгөө хөдөө, аж ахуйн чиглэлээр Дэлхийн банкны 2, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сангийн 3, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн 1, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын санхүүжилтээр нийт 213.7 сая ам.доллар, 3.8 сая евро, 5.0 тэрбум иений хөнгөлөлтэй зээл болон буцалтгүй тусламжаар нийт 9 төслийг төслийн удирдах хороо, төсөл хэрэгжүүлэх нэгжүүд хариуцан хэрэгжүүлж буй юм байна.

Гадаадын зээл тусламж, хөрөнгөөр хуульд заасан шалгуур хангаагүй зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаагүй төсөл, арга хэмжээнүүд хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, зээлийн хөрөнгийг тусламж хэлбэрээр тооцоо судалгаагүй, үр дүн нь тодорхой бус арга хэмжээнд зарцуулжээ.

Монгол Улс, Олон Улсын Хөгжлийн Ассоциаци хооронд Мал аж ахуйн эдийн засгийг нэмэгдүүлэх төслийн 2020 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 6508MN тоот дугаартай 30.0 сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд Сангийн сайдын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаар тушаалаар төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) байгуулжээ.

Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн А-100 дугаар тушаалаар Төслийн Удирдах хороо байгуулсан ба “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн үйл ажиллагааг 2020 оны зургадугаар сарын 2-ны өдрөөс эхлүүлсэн байна. Төслийн бүрэлдэхүүнд болзошгүй онцгой байдал, гамшгийн үед хариу арга хэмжээ авахад дараах өөрчлөлтийг оруулсан байна.

Засгийн газраас ХАА-н салбарын 2020-2021 оны өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүссэнтэй холбоотой өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй аймаг орон нутгийн малчид, ард иргэдийг гамшгийн эрдлээс хамгаалах эрсдэл багатай даван туулахад зарцуулах зорилгоор тэжээл, мөнгөн тусламж олгох шаардлага үүссэн гэх үндэслэлээр дараах тогтоол шийдвэр гаргасан байна. Үүнд:

▪ Засгийн газрын 2020 оны 213 дугаар тогтоолоор 5.0 сая ам.доллар,
▪ Засгийн газрын 2021 оны 110 дугаар тогтоолоор 8.0 сая ам.доллар нийт 13.0 сая ам.доллар

Дээрх шийдвэр нь нэг талаас байгалийн болзошгүй хүндрэлээс үүсэх эрсдэлээс малчид, ард иргэдэд учирч болох эрсдэлийг буруулсан хэдий ч нөгөө талаас малын эрүүл мэндийн үйлчилгээ, малын өвчний тандалт, урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээний тоог цөөрүүлж, хэрэгжилтийг зогсоосноор малын эрүүл мэндийг сайжруулах замаар хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлийн төслийн үндсэн зорилт хангагдахгүй байх, төлөвлөгөөт ажлууд орхигдох удаашрах сөрөг нөлөөтэй болсон байна. Тухайлбал,

Төслийн анхны баримт бичигт буюу дээрх бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 14 аймгийн 150 суманд хэрэгжүүлэхээр тусгагдсаныг 12 аймгийн 80 сум болгож, 3 бүсийн 2 аймгийн 5 нийт 10 байршилд магадлан итгэмжлэгдсэн мал эмнэлгийн лаборатори байгуулахаар тусгасан боловч төслийн баримт бичигт өөрчлөлт оруулснаар лабораторийн тоог 2 болгон цөөрүүлсэн байна.

Мөн улсын хэмжээнд хаваржилтын хүндрэлийг даван туулах, нөхөн сэргээхэд нийт 181000 малчин өрх тус бүрд 100 000 төгрөг нийт 18.0 тэрбум төгрөг тараах арга хэмжээний хүрээнд 179 849 өрхөд 17.8 тэрбум төгрөг тараажээ. Гэвч салбарын яам болон ТХН-ээс холбогдох хяналт хэрэгжүүлээгүй, зээлийн хөрөнгийг тусламж хэлбэрээр тооцоо судалгаагүй, үр дүн нь тодорхой бус арга хэмжээнд зарцуулсан байна.

Төслийн болзошгүй онцгой байдлын хариу арга хэмжээнд зарцуулах бүрэлдэхүүн хэсгийн хөрөнгийн 1.6 сая ам.доллароор төвийн болон баруун бүсэд малын тэжээлийн үйлдвэр байгуулах арга хэмжээний сонгон шалгаруулалт удааширсантай холбоотой уг ажил эхлээгүй нь төслөөс бий болох үр дүн хойшлогдох зорилт хангагдахгүй байх эрсдэл үүсчээ.

Иймд цаашид төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд төлөвлөсөн арга хэмжээний санхүүжилтэд тооцоо судалгаагүй өөрчлөлт оруулахгүй байх, зээлийн гэрээний хугацаанд бүрэлдэхүүн хэсгүүдийг бүрэн хэрэгжүүлж дуусгах, холбогдох хяналтыг хэрэгжүүлж төслийн бодит үр дүнг бий болгох чиглэлээр холбогдох арга хэмжээг ХХААХҮЯ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж Үндэсний аудитын газар дүгнэжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу