Авлигатай тэмцэх газраас /АТГ/ нүүрсний гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр /2023.03.14/ мэдээлэл хүргэлээ. 

Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн бүлэг орд газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК болон орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нүүрс олборлох, борлуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт барилгын ажлыг гүйцэтгэх, тендер сонгон шалгаруулах ажиллагаанд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэргийг ажлын хэсэг мөрдөн шалгаж байгаа.

Одоогийн байдлаар хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 17 буюу нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ хугацаанд хил хамгаалах байгууллага, гааль, АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж, хахууль авсан, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан зэрэг нийт 42 яллагдагчид холбогдох гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлсэн.

Эд мөрийн баримтыг илрүүлэх зорилгоор нэгжлэг хийх ажиллагааг 166 объектод, хүний бие, эд зүйл баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 437 удаа, 1032 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагааг 25 удаа, байгууллага, ААН, иргэнээс 973 удаа баримт гаргуулан авах болон бусад мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Өнгөрсөн хугацаанд нийт 85 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд үүний 48 нь нийтийн албан тушаалтан байна. Үүнд:

  • УИХ-ын гишүүн-6
  • Зам, тээврийн хөгжлийн сайд асан-1
  • Төрийн нарийн бичгийн дарга асан-1
  • Аймаг, сумын Засаг дарга-4
  • ИТХ-ын дарга-1
  • УИХ-ын гишүүний зөвлөх-1
  • Гаалийн улсын байцаагч-12
  • Хил хамгаалах байгууллагын-4
  • АТҮТ-ийн албан тушаалтан-4
  • Өмнөговь аймгийн Газрын харилцаа зохион байгуулалтын албаны газрын даамал-2
  • Боомтын захиргааны мэргэжилтэн-2
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтан-7
  • “Тавантолгой төмөр зам” ХК-ийн-3
  • Нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан-15
  • 22 иргэнийг яллагдагчаар татан шалгасан. 

Эдгээрээс 24 албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашигласан, 14 албан тушаалтныг хахууль авсан, 26 албан тушаалтныг хахууль өгсөн, 21 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт яллагдагчаар татсан байна. Одоо шалгаж буй хэрэгт 8 яллагдагч цагдан хоригдож байгаа.

Улсын хилээр гаргахыг хязгаарласан 41, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн 4, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид авсан байна.

Мөн хөрөнгө битүүмжлэх ажиллагааны хүрээнд:

  • 94 үл хөдлөх хөрөнгө
  • 48 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн
  • Таван газар
  • Хоёр хуулийн этгээдийн хувьцаа
  • 35 иргэн, 40 хуулийн этгээдийн арилжааны банк дахь зарлагын гүйлгээ
  • Дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаасны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу