Хятадын баруун хойд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас дор хаяж 116 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртсэн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Мягмар гарагт мэдээлж, аврах багийнхан амьд үлдсэн хүмүүст туслахаар эрэн хайх аврах ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа ажээ.

Өнгөрсөн Даваа гарагийн орой Ганьсу мужийн Жишишань мужид газар хөдлөлт болж, байшин барилга, зам талбай эвдэрсэн байна. Аврагчид нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайхаар шуурхайлан ажиллаж, оршин суугчид ч өвлийн тэсгим хүйтэнд гадаа хоножээ.

Ганьсу мужийн эрх баригчид хэвлэлийн бага хурал дээр Мягмар гаргийн өглөөний байдлаар газар хөдлөлтийн улмаас 105 хүн амиа алдаж, 4700 гаруй байшин эвдэрч сүйдсэн талаар мэдэгджээ.

Одоогийн байдлаар Ганьсу мужид нийт 397 хүн гэмтэж бэртсэнээс 16-гийнх нь биеийн байдал хүнд, 76 хүний бие хүндэвтэр байгаа талаар албаныхан мэдэгдсэн байна.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Хятадын баруун хойд нутгийн Ганьсу мужид Даваа гаргийн шөнө дунд 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Ганьсу болон хөрш залгаа Чинхай мужид 111 хүн амиа алджээ.

Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвийн мэдээлснээр, Даваа гаргийн 23:59 цагт газар хөдөлсөн байна. Ганьсу мужийн Жишишан-Баоан-Дуншян-Саларын өөртөө засах хошууны нутаг дэвсгэрт бүртгэгдсэн газар хөдлөлтийн голомт Люгоу тосгонд 10 км-ийн гүнд байжээ.

Газар хөдөлсний улмаас байшин, зам болон бусад дэд бүтэц сүйджээ. Түүнчлэн хэд хэдэн тосгонд цахилгаан хангамж тасалдаж, ус тасарсан байна. Орон нутгийн цаг уурын албанаас Мягмар гарагт “Жишишанд агаарын температур Цельсийн -10 хэмд хүрнэ” гэж мэдээлжээ.

Ганьсу мужийн Гал түймэртэй тэмцэх, аврах ангиас 580 аврагчийг 88 гал унтраах машин, 12 эрэн хайх, аврах нохой, 10 мянга гаруй техник хэрэгслийн хамт гамшгийн голомт руу илгээсэн байна.

Төмөр замын удирдах газраас газар хөдлөлтийн бүсээр дамжин өнгөрөх зорчигч болон ачааны галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоож, төмөр замын аюулгүй байдлыг шалгахыг үүрэг болгосон байна.

Хятадын дарга Ши Жиньпин эрэн хайх, аврах ажлыг бүх хүчээ дайчлан зохион байгуулж, гамшигт өртсөн хүмүүсийн амь нас, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахыг уриалжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл 20 секунд орчим үргэлжилсэн бөгөөд 102 километрийн зайд орших Ланжоу мужийн нийслэлд мэдрэгдсэн гэж CCTV мэдээлэв. Ганьсу, Чинхай зэрэг тосгоны зарим байшин нурж, 1600 гаруй гал сөнөөгч харанхуйд ажиллан, нуранги доороос амьд үлдсэн хүмүүсийг гаргаж ажилласан байна. Мөн газар хөдлөлтийн улмаас зарим газарт ус, цахилгаан, хөдөлгөөнт дохио тасарсан нь аврах ажилд хүндрэл учруулж байгаа аж.

Жишишаний оршин суугчид хүчтэй чичирхийллийн улмаас сэржээ. Эрх баригчид гамшигт нэрвэгдсэн Жишишан мужийн Дахежиа хотын талбайд майхан барьж, гамшигт өртсөн иргэдийг түр нүүлгэн шилжүүлжээ.

Эх сурвалж: CNN, CCTV, XINHUA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу